“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Укатай ярилцлаа.
-2015 он таны хувьд уран бүтээлийн гэхээсээ хувийн амьдралд том өөрчлөлт, гэнэтийн бэлэгтэй жил байлаа. Айлын эзэгтэй, хүүгийн ээж боллоо шүү дээ. Энэ тухай ярилцъя?
-Олон сайхан үйл явдал ар араасаа тохиогоод таатай л байна.
-Хүүгээ төрүүлээд юу мэдэрсэн талаараа хуваалцаач?
-Би хүүхдэд их хайртай. Бүсгүй хүн болсон хойно хүүхэд тээж, тэврэх мөчид ямар сэтгэгдэл төрдөг бол гээд л янз янзаар төсөөлдөг байлаа. Гэхдээ яагаад ч юм их айж, өвдөх мэтээр төсөөлж байж. Гэтэл эсрэгээрээ.
Хүүгээ төрүүлээд, энгэртээ тэврэхэд маш их аз жаргал мэдэрсэн. Бас хариуцлага ирж байгааг ухаарсан. Эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд хийх ёстой хамгийн том зүйлээ хийчихсэн юм шиг л санагдсан даа.
-Хүү нь одоо хэдэн сартай вэ. Хэн гэж нэрлэсэн бэ?
-Хүү минь 10 сартай. Аав нь Сүбээдэй гэж нэр өгсөн.
-Продюсер Б.Ангирмааг “Төмөр хатагтай”, “Киви” хамтлагийн бүсгүйчүүдийн бүхий л үйлдэл, гэр бүлийн амьдрал зохиох эсэхийг ч хянадаг гэсэн яриа байдаг. Гэтэл Ука гэр бүлтэй болж, энэ яриаг үгүйсгэлээ. Үнэхээр тэгж хатуу ханддаг байсан юм уу?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Багш маань ч “Та нар зорьсондоо хүрээгүй байж найз залуутай болчихов” гэж хэлэх үе байсан. Бид хамтлаг байгуулсан эхний жилүүдэд ажлаа хийж, байр сууриа бататгах ёстой гэсэн зорилго тавиад л ажилласан.
Гэтэл сүүлийн жилүүдэд багш маань одоо найз залуутай бол, амьдралаа бод гэх болсон. Гэхдээ бид гурав өөр өөрийн үзэл бодол, хүсэл сонирхолтой хүмүүс шүү дээ. Хэзээ гэрлэж, хэзээ хүүхэд гаргахаа өөрсдөө л шийднэ.
-Өөрийгөө хүүхэдтэй болсон байгаагаар төсөөлдөг байсан гэлээ. Анхны хүүхдээ хүү гэж төсөөлдөг байв уу, охин гэж боддог байв уу?
-Яагаад ч юм хүүтэй болсон байгаагаар л төсөөлдөг байсан. Бие давхар болсноо мэдчихээд хүү байгаасай гэж нууцхан хүсдэг байсан даа.
-Ид уран бүтээлийн ажилтай, нэлээд завгүй байх үедээ бие давхар болчихсон. Ажил, амьдралаа яаж зохицуулах билээ гэж эргэлзэх, эмээх үе байсан уу?
-Бүх зүйл миний бодож байснаас маш хурдан болж өнгөрсөн. Гэнэтийн байсан л даа. Гэхдээ маш их баярласан. Би дөрөвдүгээр сарын 1-нд жирэмсэн болсноо мэдсэн. Эмч намайг хуураад байгаа юм болов уу гээд дахин дахин асуусан (инээв).
Яг тэр үед би орон нутгуудад тоглолттой, байнга бүжгийн бэлтгэл хийж байсан. Нөхөртэйгөө фитнесст ч явдаг байлаа. Нэг л тийм эрч хүчтэй. Дурлачихсан, цаг агаар ч сайхан, нэг л их аз жаргалтай байсан. Тоглолтууд өмнөхөөсөө ч илүү амжилттай болоод л.
Яг жирэмсэн гэдгээ мэдэхийн өмнөх өдөр нэлээд их дасгал хийчихсэн юм. Тэгсэн үүрээр гэнэт хэвлий хэсгээр базлаад эхэлсэн. Өглөө нь эмчид үзүүлтэл жирэмсэн болсон гэсэн дээ. Нөхөр бид хоёр энэ мэдээг сонсоод өөрийн эрхгүй инээмсэглээд л байсан.
-Жирэмсэн гэдгээ маш сайн нууцалсан даа?
-Эмч маань дэглэм сахих хэрэгтэй гэсэн. Тэгээд ч хар, цагаан хэл амнаас айсан. Аль болох сэтгэлээ тайван байлгах гэж хичээсэндээ л тэр. Хэнд ч хэлэлгүй маш удаан нуусан.
-Тэгээд л гадаад руу явж хүүгээ төрүүлсэн үү?
-Үгүй ээ. Тийм л тохироо бүрдчихсэн. Нөхөр маань одоо Лондонд докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа. Бид Монголд танилцаж, дотноссон. Лондон руу буцахад нь хамт явах шийдвэр гаргасан. Тэгээд хүүгээ тэнд төрүүлсэн.
-Нөхрийнхөө тухай яриач?
-Миний нөхөр гэр бүлдээ халамжтай, хийж бүтээхийн төлөө зүтгэж яваа мундаг эр хүн. Түүнээс илүүг яримааргүй байна.
-Төрөөд удалгүй тайзан дээр гарч, шинэ уран бүтээлдээ орсон байна?
-Төрснийхөө дараа удалгүй ажилдаа орсон шүү дээ. Монголд ирсэн даруйдаа л хэд хэдэн тоглолт хийсэн. Жирэмсэн байх хугацаандаа их зүйл төлөвлөсөн. Гэнэт ажлын дундуур ийм зүйл болсон учраас хамтлагаа орхиод явахад жаахан хүнд л санагдаж байлаа.
Уг нь багш маань өөрийгөө, хүүгээ бод л гээд байсан. Гэхдээ надад тэгж хүлээх хүсэл байгаагүй. Төрснийхөө дараа тийм ийм юм хийнэ гээд л бүгдийг нь төлөвлөөд л. Монголд ирсэн даруйдаа яг төлөвлөснийхөө дагуу л ажиллаж эхэлсэн.
-Ука хүүхэд төрүүлснээсээ хойш богино хугацаанд жингээ хасаж, өмнөхөөсөө ч сайхан болсон талаар бүсгүйчүүд сонирхож байгаа даа?
-Төрсний дараа жин нэмэхээс айж байсан л даа. Эмчийн зааврын дагуу дасгал хийж, хоолны дэглэм барьсны дүнд жингээ хурдан хассан.
-Уран бүтээлийнхээ тухай сонирхуулаач. Бие даасан цомог гаргана гэж сонслоо?
-Ирэх 2016 онд бие даасан цомгоо гаргахаар “Ocean grey” студитэй хамтран ажиллаж байна. Бүх насныхан сонсож болохоор, аз жаргал мэдрүүлсэн цомог гаргахыг хүсэж, зорьж байгаа. Долоон дуунаас бүрдэнэ. Анх удаа продюсергүйгээр, өөрөө бие даан ажиллаж байна. Дууссан хойноо багшдаа шалгуулна даа.
-Ингэхэд хоёр дахь цомогтоо өөрийн үг, аяаар хийсэн дуу бий юү?
-Бүхий л уран бүтээлээ өөрийнхөөрөө төсөөлж дуулдаг. Тэгэхээр миний зүрхнээс гарч байгаа л аялгуу шүү дээ. Харамсалтай нь бурхан надад шүлэг бичих авьяас заяасангүй. Уг нь бичих гэж зөндөө оролдсон. Бүтэхгүй юм байна лээ.
-Тэгвэл “Киви” хамтлагийн уран бүтээл хэр явж байна вэ?
-Бид саяхан “Gone fire” дуугаа сонсогчдод хүргэсэн. Удахгүй “Хол хайр” дуугаа хүргэнэ. Клипний ажилдаа орсон.
-“Киви” хамтлаг байгуулаад эхний хоёр жил л би чиглүүлсэн, түүнээс хойш охид маань бүх зүйлээ бие дааж хийдэг болсон гэж продюсер Б.Ангирмаа хэлж байсан. Зарчимч байхыг багшаасаа сурав уу?
-Гэр бүлийн хүмүүжил гэж зүйл байна. Мөн продюсер Б.Ангирмаа багшаасаа сурсан. Цагийг зөв ашиглах, баримтлах, зарчимч байхыг л бид хичээдэг.
-Анх хамтлагийнхаа гишүүдийг хараад юу гэж бодсон бэ. Гурван өөр төрхтэй хүмүүс бие биеэ хэрхэн хүлээж авсан бол?
-Хамтлаг байгуулах нь миний хүсэл мөрөөдөл байсан. Би өөрөө онцгой, эрлийз төрхтэй хүмүүст дуртай. Намуунааг анх хараад их догдолсон. Тэр өдөр улаан саравчтай малгай, биеийн тамирын хар хослолтой ирсэн санагдана. Хамтлаг болсныхоо дараа бүх л хүнд ярьж онгирмоор санагддаг байлаа.
Би хамтлагийнхаа хоёр бүсгүйгээр маш их бахархдаг.
-Таныг Лондонд байх хугацаанд Намуунаа “One moment” цомог гаргасан. Хэрвээ дэргэд нь байсан бол юугаар туслах байсан бол?
-Хамт байсан бол би зураг авах ажилд нь оролцоод, нүүрийг нь будаж өгөх байсан. Цомог нь их гоё болсон. Энэ цомгоос “Киви”-гийн Намуунааг биш, хувь уран бүтээлч Намуунааг олж харах болно.
-Хамтран ажилладаг уран бүтээлчиддээ ямар шаардлага тавьдаг вэ. Ука ер нь хэр ааштай вэ?
-Уран бүтээлийн хувьд шалгуур тавилгүй л яах вэ. Тийм ч болохоор үзэл бодлоо хэлнэ, шаардана. Гэхдээ би загнаж, тачигнадаг хүн биш. Харилцан ярилцаж, тухайн хүнтэйгээ аль болох сайн ойлголцож ажиллахыг хичээдэг. Урам өгч байгаа зүйлийг нь ундраахыг хүсдэг. Би өөрөө ч муухай үгээр загнуулж, чичлүүлэх дургүй.
-“Нэг хороолол” гэж хамтлагт бүжиглэдэг байсан байх аа?
-Тийм шүү. Уг нь “Нэг хороолол” хөвгүүдийн хамтлаг байсан л даа. Хамтлагтаа дуулж, бүжиглэдэг эмэгтэй гишүүнээр элсэх санал тавьснаар би орсон юм. Тухайн үед би бүжгийн уралдаануудад оролцдог байлаа. Хамтлагтайгаа “Money train”-д тоглолт хийсэн шүү дээ.
Тэр хамтлагийнхан маань намайг “Nature sound”-д сурах санал тавьсан юм шүү дээ. Бас “Киви” хамтлагт санал болгосон. “Нэг хороолол”-ын найзууд минь урлагт хөл тавих эхлэлийг тавьсан. Энэ дашрамд найзууддаа баярлалаа гэж хэлье.
-Эмэгтэй уран бүтээлчдийг хэл ам багагүй дагадаг. Хэр эмзэглэдэг вэ?
-Өмнөх ажлаа хийгээд л явж байвал бусдын юу гэх хамаагүй гэж боддог. “Киви” хамтлагийн зарчим тийм. Хүмүүс ихэнхдээ л таамаглал дэвшүүлээд л ярьдаг, бичдэг. Жишээ нь, би “I’m in love” цомгоо гаргах үед “Моннис” групптэй хамтран ажиллах гэрээ хийчихсэн байсан.
Гэтэл намайг захиралтай нь холбож бичээд эхэлсэн. Түүнээс болж гэрээ цуцлагдсан. Би гэр бүлтэй хүнтэй холбогдох хэмжээний доройтсон ухамсартай хүн биш. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн шиг бичдэгт гомдолтой л явдаг.
Цаана нь хүмүүсийн амьдрал байгааг ойлгодоггүй. Тийм худал мэдээлэл архив болж үлдэнэ гэхээр харамсалтай.
-Хэзээ нэгэн өдөр Ука продюсер болоод явахыг үгүйсгэхгүй. Энэ тухай бодож байв уу?
-Тийм юм бодож байгаагүй ээ. Продюсер хэцүү. Харин сониноос, Б.Ангирмаа багш маань шинэ хамтлаг байгуулахаар бэлдэж байгаа шүү.
-Та их цоглог, эрч хүчтэй харагддаг. Тайзан дээр гарахдаа айж байсан тохиолдол бий юү?
-Догдлол бол байна. Түүнээс биш айж, сандарч байгаагүй шүү. Санаанд орохгүй байна. Харин тоглолтоо дуусгаад, үзэгчидтэй зургаа авахуулж, халуун уур амьсгалд байсны дараа гэр лүүгээ ганцаараа явахад их гунигтай санагддаг.
Яагаад ч юм хэтэрхий нам гүм санагдаад л, хоосон оргиод байдаг. Нөхөртэй болсноос хойш харин тийм гунигтай мэдрэмж үгүй болсон.
-Тэгвэл та өөрөө хэнийг биширч, шүтдэг вэ?
-2009 онд Ленни Кравитзын тоглолт үзэж байлаа. Би улаан фен нь. Санаагаар болдог бол гарын үсгийг нь авч, хамтдаа зургаа авахуулмаар л байсан. Харамсалтай нь чадаагүй. Гэхдээ хамгийн ойроос тоглолтыг нь үзсэн. Тэр хүний өмнүүр орж буудуулж байна гэж зүүдэлж ч байсан хүн шүү дээ (инээв).
-Таны ээж удган. Хүнд асуудал тохиолдвол ээждээ даатгадаг уу?
-Хүн бүрийн ээж үр хүүхдүүдийнхээ төлөө залбирдаг. Миний ээж ч тэгж л сэтгэл зовниж байгаа. Ээж, аав минь зөв, шударга бай, хөдөлмөрлө, тэгсэн цагт хүссэн бүхэн чинь өөрөө ирнэ гэж захидаг.
Энэ захиасыг нь ч биелүүлэхийг хичээж явна. Түүнээс биш, ээж минь энийг аргалаад өг, тэрийг ингээд өг гээд явна гэж байхгүй. Тэгсний зоргоор бөөлөөд байна ч гэж байхгүй шүү дээ.
А.ХАЛИУН