Тууштай хөдөлмөрч зантай, өөрийн өвөрмөц ертөнцтэй дөрвөн залуу “Нэр нэгтийн чих нэг” булангийн маань зочин. Тэд Монголын урлаг, спортын салбарт мөрөө гаргаж, гялалзаж яваа залуус. Амидай зочид маань уран бүтээлч болоод ч тэр үү зарим талаараа төстэй.
Тэдний хоёрынх нь овог адилхан бол нөгөө хоёрынх нь ижил үсгээр эхэлдэг.
Орос улсад байдаг дэлхий дахинд алдартай уран зургийн хоёр академи бий.
Түүний нэг В.И.Суриковын нэрэмжит уран зургийн академид 1939 онд Монголоос анх зураач Ү.Ядамсүрэн, Д.Чойдог нар сурсан.
Өнөөг хүртэл дөч орчим монгол оюутан сурч, төгссөний нэг нь МУЭ-ийн шагналт зураач Доржсүрэнгийн Эрдэнэбилэг.
Монголын түүхэн сэдэвт уран зургийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, уран бүтээлээ туурвин яваа түүний “Тэнгэрийн салхи”, “Нар, сарны дор” үзэсгэлэнг уран зураг сонирхогчид андахгүй.
Түүний уран бүтээлүүд Монголын уран зургийн галерей болон хувийн цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагдан, олны мэлмийг баясган байгаа билээ.
Энэ залуу 1999 онд манай улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2001 онд мөн тэмцээнд аваргалсан юм.
2003 онд Энэтхэгийн Чандигар хотод дахин түрүүлснээр Ази тивийн гурван удаагийн аварга болсон даамчин.
Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн тав, улсын 12 удаагийн аварга, 100 буудалт даамын олон улсын их мастер гээд Дөлийн Эрдэнэбилэгийг “цоллох” юм бол нэлээд сунжирна.
73 дугаар сургууль жил бүр түүний нэрэмжит даамны тэмцээнийг зохион байгуулдаг юм билээ.
Ганболдын Эрдэнэбилэг зураач болохоор зорьж явсан ч гэнэтийн шийдвэр гарган жүжигчин болсон нь алдаагүй.
“Ганган төгс” түүхэн киноны гол дүр шалгаруулах телевизийн реалити шоунд оролцож нэр хүндээ эрс өсгөсөн тэрбээр одоо УДЭТ-ын урдаа барьдаг жүжигчдийн нэг болжээ.
“Тэнгэрийн хүү”, “Домогт Ану хатан”, “Саран хөхөө”, “Атга нөж”, “Сарны цагаан цус” түүхэн жүжигт дүрээ мөнхөлсөн тэрбээр өнгөрсөн онд “Аав” уран сайхны киног найруулан, үзэгчдэд өөрийгөө чамгүй найруулагч болохыг харуулаад авсан.
Түүнийг сайн мэддэг хүмүүс “Их шулуун, шударга” гэж үнэлдэг.
Монголд хип хоп урсгал залуусыг байлдан дагуулах үед “Дижитал” хамтлаг гарч ирсэн.
Тус хамтлагийн нэгэн өнгө бол яах аргагүй Эрка буюу Г.Эрдэнэбилэг. “Чамдаа”, “Чамгүйгээр”, “Монголжингоо” гээд түүний зүрхнээс урссан хайрын дуу гайхалтай уянгалаг.
Хөгжим бүжгийн коллежийн өндөр босгыг авьяасаараа давж, элссэн боловч ар гэрийнхээ нөхцөл байдлаас болон аргагүйн эрхэнд орхисондоо тэрбээр харамсдаггүй гэсэн.
1. Аливаад тууштай байх нь чухал чанар. Сонирхол, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байхад тань юу түлхэц болсон бэ?
2. Таныг ямар зан чанарууд чимдэг вэ?
3. Амжилтын захаас зуурах үедээ хүмүүс биеэ тоох нь бий. Танд тийм үе байв уу?
4. Аз жаргал гэж юу вэ?
5. Уурлаж бухимдсан үедээ хэрхэн тайвширдаг вэ?
6. Юу танд урам өгч, зоригжуулдаг вэ?
7. Найз нөхөд, хамт олонгүйгээр хүнийг төсөөлөх аргагүй. Та хэр олон найзтай вэ. Нөхөрлөлийн үнэ цэнэ юунд оршдог бол?
8. Номтой хэр ойр хүн бэ. Ямар төрлийн ном шимтэн уншдаг вэ. Хамгийн сүүлд ямар зохиол уншив?
9. Нас нэмбэл ухаан нэмнэ гэдэг. Нас ахихаас айдаг уу? “Нэр нэгтийн чих нэг” булангийн зочид ижил асуултад хариулдаг уламжлалтай. Бидний бэлтгэсэн эдгээр асуултад тэд хэрхэн хариулсныг сонирхуулъя.
ДОРЖСҮРЭНГИЙН ЭРДЭНЭБИЛЭГ: Мөрөөдлийнхөө оргилд гарсан үедээ биеэ тооно
1. Мэргэжилдээ дуртай, сонирхолтой байдаг минь энэ хүртэл хөтөлж ирсэн байх.
2. Би өөрийгөө нээлттэй, илэн даланг үй хүн гэж боддог. Найзууддаа ч аль болох нөхөрсөг байхыг хичээдэг.
3. Санасан амжилтандаа хүрэхийн тулд хүн их хол зам туулдаг байх. Тэр хэрээрээ ухаажиж байдаг болов уу. Гэвч тэр хол замыг туулах хугацаандаа олон авиртай болдог байх. Би одоо ч мөрөөдлийнхөө оргил руу авирч явна гэж төсөөлдөг. Тэр оргилд гарсан үедээ биеэ тоох байх шүү.
4. Аз жаргал гэдэг маш өргөн сэдэв. Аль ч өнцгөөс харж болно. Дуртай зүйлээ хийж яваа хүнийг л аз жаргалтай гэж хэлнэ дээ.
5. Уурлах, бухимдах нь түр зуурынх учраас тэр дор нь мартахыг хичээдэг. Найзуудтайгаа сайн сайхан зүйлийн талаар ярилцахад аяндаа уур бухимдал гарчихдаг.
6. Монгол хүний дотор дэлхий багтдаг гэж би боддог. Тиймээс бид дэлхийн дайтай байх ёстой гэж өөрийгөө болон өрөөлийг ташуурддаг.
7. Би олон найзтай. Гэхдээ намайг үхэхийн цагт тэдний тал нь л ирэх байх. Баяр, зовлонг минь хуваалцаж чаддагт л нөхөрлөлийн мөн чанар оршдог байх.
8. Б.Номинчимэдийн “Эгнэшгүй нөхрийг олов”, Роман Почекаевын “Бат хаан”-ыг бас эхлүүлчихээд байгаа. Эрдэмтэй, эрдэмгүй нэг л их номын хорхойтнууд байх юм. Гэвч уншаад толгойдоо юм суулгаж үлдээдэг нь хэд юм бол доо.
9. Нас нэмэгдэхийн хэрээр ухаан суугаад баяртай байгаа шүү.
ДӨЛИЙН ЭРДЭНЭБИЛЭГ: Амжилтын захаас зуурахад бүхнийг чадмаар санагдах үе бий
1. Аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ хандаж, түүндээ бүхий л цаг хугацааг зориулах, золиослох хэрэг гарна. Алдартай нэг бизнесмений “Хэрвээ чиний амьдралд ямар нэгэн саад, бэрхшээл учирвал зорилгоо эргэн сана, эс тэгвэл зам зууртаа чи дийлдэнэ” гэдэг үг бий. Тиймээс багадаа мөрөөдсөн хүсэл, зорилгодоо хүрэхийн төлөө одоо ч тэмүүлж, хаахан ч гэсэн урагшилж л явна.
2. Т.Пүрэвдорж багш маань номондоо “Д.Эрдэнэбилэг миний дугуйланд 1990 онд орж суралцаад гурван жилийн дараа спортын мастер болсон нь түүний шаргуу, бүтээлч, хөдөлмөрч зан чанартай холбоотой” гэсэн. Тэгэхээр энэ тодорхойлолт намайг чимж, бага боловч амжилт гаргахад нөлөөлсөн байх. Цаашид ч энэ чанарууд минь намайг улам хурцлах болов уу.
3. Амжилтын захаас зуурах үед бүх зүйлийг хийж чадмаар санагдаж, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй мэт мэдрэмж төрж, даамыг ч бүрэн эзэмшчихсэн юм шиг, бизнес ч хийж чадмаар санагдаад л, юм юм руу үсчиж явсан үе бий.
Эргээд харахад “Алтан загас”-ны эмгэн шиг хуучин тэвштэйгээ суух үе ч байсан. Тэр бүгдээс сургамж авах нь л чухал. Авсан медаль, цомуудаа хурааж тавьчихаад хамгийн том тэмцээнээс медаль авах юмсан, дэлхийн даамын ертөнцөд эхний гуравт орж хүлээн зөвшөөрөгдөх юмсан гэж хүсдэг, бас мөрөөддөг.
4. Хүн өөрийнхөөрөө амьдарч, өнгөрсөнд харамсах зүйл хийгээгүй явсан бол тэр хүний бахархал, аз жаргал болно гэж боддог. Тиймээс миний хувьд дуртай зүйлээ хийгээд тавьсан зорилгодоо хүрэхээр тэмүүлж яваа энэ цаг мөч маань ч надад аз жаргал болж байна.
5. Гэр бүлийн минь халуун хайр, дулаан уур амьсгал, үр хүүхдүүдийн маань аз жаргалтай цангинасан инээд, сайхан аялгуу, амьдралд байгаа эерэг юм бүхнээс л тайван, сайхныг олдог доо. Ер нь уур хилэн, өш хонзонд амьгүй мэт бай гэсэн үг их үнэн санагддаг.
6. Өвөг дээдсийн маань түүх. Унших бүртээ оюун ухаан, хүч чадлын нууцыг бүрэн эзэмшсэн өвгөдийнхөө удам болж төрснөө дэлхийд харуулах юмсан, монголчууд зүгээр ч нэг азаар дэлхийд ноёрхож байгаагүйг одоо цаг үед даамын ертөнцөд дахин мэдрүүлэх юмсан гэж хүсдэг.
Р.Чойномын “Ази тив” шүлгийн “Урьдын тэр мэргэдийн удам болж төрсөн юм би, туулж өнгөрүүлсэн амьдралынх нь туурийг хатаахаар өссөн юм би” гэсэн мөр надад үргэлж урам өгч, зоригжуулж явдаг даа.
7. Миний хувьд гарын хуруунд багтах цөөн найзтай. Найз нөхдөдөө байгаагаараа харагдах, үнэлэгдэх, хүнд хэцүү үеийг хуваалцах, хагартлаа баярлах мөчүүдэд ч сэтгэлдээ далай мэт уужим бодолтойгоор суух л нөхөрлөлийн үнэ цэнэ юм уу даа.
8. Номтой би их ойр. Номгүй өнгөрөөсөн нэг ч өдөр байхгүй. Өдөржин даамны тухай ном харж сууна, бодлого бодно. Ер нь номын дэлгүүрүүдээр долоо хоногтоо нэг удаа зочлоостой. Дээхнэ үед ном л харагдвал барьж аваад уншчихдаг байсан бол одоо цаг хугацааны эрхээр өөрт хэрэг болох номыг сонгодог болоод байна. Яг одоо Украины шатрын их мастер Игор Смирновын “Их мастерын нууцууд” номыг уншиж байна.
9. Нас ахихаас айдаггүй. Харин монгол хүн 60 хүрч ухаан суугаад 61-тэйдээ бурхан болдог гэдэг үгнээс айдаг. Тиймээс аль болох эртхэн ухаан суугаад энэ насны амьдралдаа ухаантайхан, үр хойчдоо үлдээх юмтай амьдрах юмсан гэж хичээдэг.
ГАНБОЛДЫН ЭРДЭНЭБИЛЭГ: Магтаалд бялуурдаггүй, шүүмжлэлд нугардаггүй байх ёстой
1. Үзэгчдийн сэтгэлд хүрсэн сайн дүрүүдийг бүтээсэн, чадварлаг жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байна. “Хүний сэтгэлийг хөдөлгөхгүй юм бол хөнгөн бийрийг хөших нь юун” гээд үг байдаг шүү дээ.
2. Би тийм ч нээлттэй биш. Гэхдээ хүлээцтэй. Эр хүн бол эр хүн л байх ёстой. Эр хүний ноён нуруу, хийморь яаж явах нь тухайн хүнээс л шалтгаална. Эр хүн гэр бүлээ аваад явчих чадвартай, ханьдаа халамжтай, төрсөн нутгийнхаа төлөө тууштай тэмцэгч, үзэл бодолдоо үнэн ч л байх хэрэгтэй.
3. Магтаалд бялуурдаггүй, шүүмжлэлд нугардаггүй байх ёстой гэсэн зарчим баримталдаг даа. Алтан дундаж гэж зүйл бий. Тэрийг тааруулж чадахгүйгээсээ болоод алдах нь байдаг шүү дээ.
4. Өнөөдрөөрөө амьдарч чадаж байгаа минь аз жаргал. Нас минь залуу байна. Тэгэхээр эрч хүч, хурд, чадал энэ насанд байдаг. Дээр нь бурхнаас заяасан багахан авьяас байна. Үүнийгээ би хөгжүүлэх гээд хичээгээд явж байгаа уран бүтээлч. Энэ бүгдийгээ цогцлоогоод урагшаа зүтгээд байна даа.
5. Би шулуухан зантай хүн. Уурлаж бухимдсан үедээ хэлэх гэснээ шууд л гаргачихдаг.
6. Хүн өөртөө хааяа ч гэсэн урам өгч байх хэрэгтэй. Дандаа өөрийгөө доош нь хийгээд байж болохгүй, хэтэрхий дөвийлгөөд байж ч болохгүй.
7. Олон сайхан анд найз бий. Би ер нь худалч хүнд дургүй.
8. Нар гарахаар байгаль сэргэдэг, ном уншихаар ухаан сэргэдэг гэж ардын зүйр үг бий. Яг одоо бол ажил, мэргэжлээсээ шалтгаалаад кино, жүжгийн зохиол, сонгодог зохиолуудыг л их уншдаг болсон.
9. Нас нэмэхээс айдаггүй ээ.
ГАНБОЛДЫН ЭРДЭНЭБИЛЭГ: Өнгөрүүлж байгаа хором бүхэн аз жаргалын минь хэлтэрхий
1. Хүсэл мөрөөдөлтэй, түүндээ үнэнч байсан цагт ямар ч саад бэрхшээлийг давж л таарна. Аав, ээж минь ч аливаа зүйлд тууштай бай гэж сургасан. Амьдралдаа хийсэн сонголтууд минь надад үүрэг юм шиг санагддаг болж. Би энэ хорвоод ингэх гэж л ирсэн юм шиг.
2. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандахыг эрмэлздэг чанар намайг хөтөлдөг байх. Хүн ямар ч мэргэжилтэй, юу ч хийж болно. Гол нь тэр зүйлдээ сэтгэлээсээ хандахад үр дүн нь эерэг тусна.
3. Амжилт араасаа маш олон сорилт дагуулж ирдэг. Магадгүй түр зуурын амжилтад ташуурч, унаж бүдрэх хүн бий. Хүсэл мөрөөдөл, зорьсон зорилго хэр том байна, төдий чинээ жижиг амжилтад ташуурах нь ховор. Амжилтанд ташуурч, биеэ тоох зав надад алга. Одоогийн амжилтыг хийж бүтээх ёстойгийнхоо жаахан хэсэг гэж хардаг.
4. Аз жаргалыг эд хөрөнгө, эрх мэдэл, алдар хүнд, элбэг хангалуунаар хэмжих дургүй. Миний өнгөрүүлж байгаа хором бүхэн аз жаргалын хэлтэрхий. Давах ёстой даваагаа давж, үүрэх ёстой ачаагаа үүрч чадвал аз жаргал дотор минь өөрөө бий болох учиртай.
5. Уурласан шалтгаанаа бодож зөв бурууг олох гэж хичээдэг. Тэр үед л өөрийгөө хайж эхэлдэг. Үнэнийг хэлэхэд, тийм үед хөгжим сонсох, бусадтай ярих зэрэг арга надад тээртэй байдаг. Зүгээр л өөртэйгээ ярьж, өөрийгөө л дарж авахыг хичээдэг.
6. Амьдрал тэр чигээрээ эрч хүч, зориг тэвчээр. Би бүх зүйлийг харж, сонсож, амталж, үнэрлэж, мэдэрч эрч хүч авдаг. Гуниглах хүртэл заримдаа гоё шүү дээ. Хэлбэрт хэт баригдаж, дуртай зүйлсээ нэг хайрцагт, дургүйгээ хашилтад хийх дургүй. Зүгээр л гудамжинд юм бодоод алхах хүртэл сайхан. Тэгж явахдаа зохиосон дуунууд ч их бий.
7. Нөхөрлөл бол найрын ширээний хойно хундага тулгаад, дал мөрөө алгадаад, инээж суухын нэр биш. Сорилт ирэхэд гудайхгүй, чин сэтгэл байхад цаг хугацаа, орон зайг туулаад үлддэг нөхөрлөлийг би мэднэ. Тийм нөхөд надад бий. Өдөр бүр уулзаж хэлхэлдээд байхгүй ч, нэгнээ сайн явааг хараад баярладаг, гундуухан явбал хэлэх халуухан үгтэйгээ зогсох андууд л сайхан.
8. Аав, ээжийнхээ нөлөөгөөр номонд дурлаж байсан үе бий. Харин сүүлийн үед ёстой уншихаа больсон гэдгээ анзаараад гэртээ нэг жижигхэн номын сантай болсон. Нэг уншаад эхлэхээр хамаг ажлаа орхичих гээд байдаг муу зантай. Тийм болохоор шинэ цомгийн ажлаа дуусгаад эхнээс нь барьж авна даа.
9. Нас бол тоо гэдэг үнэн. Намайг тоогоор биш, өөр байдлаар харж ойлгож дүгнэх олон боломж байгаа учраас би тэр тоонд ач холбогдол өгдөггүй. Нас ахихаар дотор хүн улам уужуу болдог юм уу даа.
А.ХАЛИУН