Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) санаачлан Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Монголын кино урлагийн зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор долоо дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ сарын 7-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй.
Наадмын нээлт өнөөдөр болж, Л.Бат-Амгалангийн"Гайхамшигт нислэг" богино хэмжээний кино, Ш.Доржсүрэнгийн "Элэг нэгтэн" уран сайхны кино үзэгчдийн хүртээл боллоо.
Энэ наадам “Олон улсын кино хөтөлбөр”, “Францын кино өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр”, “Улаанбаатар” олон улсын кино форум гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.
Энэ удаагийн наадам Монголд кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орны ес, Монголын зургаан киног олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
2015 оны 10-р сарын 09-11-өдрүүдэд болох Олон улсын кино хөтөлбөрийн зургаан бүтээл нь 2014,2015 онд Канн, Берлин, Торонто олон улсын кино наадмын дээд болон тусгай шагналуудыг хүртсэн бүтээлүүд байна. Үүнд:
- 2015 оны Берлиний олон улсын кино наадмын Алтан Баавгай шагналт Ираны найруулагч Жафар Панахи “Такси”,
- 2015 оны Канн олон улсын кино наадмынАлтан навч шагналд нэр дэвшсэн, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан БНХАУ-ын найруулагч Жя Жанкэ “Уул усаа мартагсад”,
- 2014, 2015 оны Канн олон улсын кино наадмын Европын шилдэг кино төрөл, Торонто олон улсын кино наадмын Онцлог бүтээлээр шалгарсан Туркийн кино найруулагч Дениз Гамзе Эргүвен “Зэрлэг адуу”,
- 2015 оны Канн олон улсын кино наадмын Director’s Fortnight Selectionхэсэгт шалгарсан Колумбийн найруулагч Сиро Герра “Аварга могойн тэврэлт”,
- 2014 оны Канн Олон Улсын Кино НаадмынUn Certain Regard шагналт Унгарын найруулагч Корнель Мундруцо “Цагаан бүрхан”,
- 2014 оны Канн олон улсын кино наадмынUn Certain Regard шагналт Исландын найруулагч Гримүр Хаконарсон “Ирэг”зэрэг уран сайхны кино тус тус гарна.
Энэ жилийн наадмын онцлох орноор Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Франц улсыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн киноны уран бүтээлээс бүрдэх “Францын Кино Өдөрлөг”-ийг 2015 оны аравдугаар сарын 8-нд Францын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулах ба өдөрлөгийн нээлтийн киногоор дөрвөн орны залуучуудын тухай, тэр дундаа Монгол охины тухай өгүүлэх Францын кино найруулагч Паскаль Плиссоны “Чухал өдөр” сонгогдсон. Мөн найруулагч Ионис Нюге “Спартак ба Кассандра”,найруулагч Филипп Фокон “Фатима” уран сайхны кино энэ өдөрлөгийн хүрээнд гарна.
Монгол кино хөтөлбөрт найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, зохиолч, найруулагч Л.Номингийн “Хүрд”баримтат кино, найруулагч, жүжигчинГ.Эрдэнэбилэгийн“Аав”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Босуул” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино багтсан бөгөөд аравдугаар сарын 9-нд үзэгчдийн хүртээл болно.
Наадмын хүрээнд гарах киноны тасалбар "Тэнгис" кино театрын кассаар 4000 төгрөгөөр худалдаалагдах ба дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/UBIFF болон 319015, 313105 утсаар холбогдон авна уу.
Эрхэм кино сонирхогч Та бүхнийг Улаанбаатар Олон Улсын Кино Наадам урьж байна.