Чойжин ламын сүмийг Төрийн их Чойжин Лувсанхайдавын нууц тарнийн зан үйлд зориулан 1904-1908 онд барьж байгуулсан байдаг. Энэ сүмд олон төрлийн цамын баг болон хувцас хэрэгсэл хадгалагддаг бөгөөд цам нь учирч болох гай зовлон, гаслангийн уг шалтгааныг дарж, хөөн зайлуулах бэлгэдэлтэй, нууц тарнийн ёслолын баг, өмсгөлтэй очирт бүжиг юм.
1723 онд Зүүнгарын улсад цамын бүжиг дэглэн анх удаа үзүүлж байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэжээ. Харин дараа нь 1786 онд Эрдэнэзуу хийдэд, 1811 онд Хүрээнд V Далай ламын дэгээр үзүүлсэн бол 1916 онд Чойжин ламын сүмд Буян Ерөөлт буюу Дашчойнхорлин сүмийн дэг ёсоор үйлдэж байжээ. Тэр цагаас хойш 1930-аад оны сүүлч хүртэл Монголын томоохон хүрээ хийдүүд өөр өөрийн дэг ёсоор цам гаргадаг уламжлалтай байв.
Манай нэрт мэргэд, урчууд цамын дэг жаягийг үндэсний соёл, зан заншил, ур ухаан, монгол хүний төрх байдал, намба хөдөлгөөний онцлогт таацуулан баяжуулж гайхамшигтай хөгжүүлсээр иржээ. Өдгөө Чойжин ламын сүм музейд Их Хүрээ, Манзушир, Чойр хийцийн болон нэр нь үл мэдэгдэх урлаачдын бүтээсэн цамын 80 гаруй баг, хувцас хэрэглэл хадгалагддаг бөгөөд эдгээрийг анх удаа нийтэд дэлгэн үзэсгэлэн гаргахаар болжээ. “Монгол төрийн сахиусны цам” үзэсгэлэнгийн нээлт баасан гаригийн 11.30 цагт болох бөгөөд энэ үеэр сор болсон 45 бүтээлийг дээжлэн багтаасан “Цам” фото цомгийг олонд танилцуулах юм.