Бороо шивэрсэн намрын зэврүүн орой гэр гэрийн зүг яарсан хүмүүс хурдан хурдан алхана. Хот тохижуулахынхны сүрлэн шүүрний “харгислал” дор нэгмөсөн үгүй болох навчис намайг аваач гэх шиг ээрч, гадаа цаанаа л гунигтай. Харин ХААН банкны төв байрны ойролцоох клубт ороход гадаах байдлаас тэс өөр уур амьсгал угтана.
Дулаан, тухлаг орчинд сэтгэл гижигдэж, нэг л дэггүйтмээр санагдуулах хөгжим эгшиглэнэ. Хааяа дуучдын тоглолт толилуулдаг “UB жааз” клуб жааз хөгжим үргэлж эгшиглүүлдгээрээ Улаанбаатартаа ганц. Энд нэгэн дуучинтай уулзахаар тохирсон юм. Цаг яс барьдгаараа германчууд алдартай болохоор 10 минутын өмнө ирэв.
“Гёте” институтийн санаачилгаар ХБК, “Их талын жааз” ТББ хамтран жаазыг эх орондоо хөгжүүлэхээр хөгжимчин, дуучид, урлагийн чиглэлээр суралцдаг оюутнуудад сургалт явуулж, гадаадын мэргэжлийн туршлагатай уран бүтээлчдийг урьж, хичээл заалгаж буй.
Манхайм хотын урлагийн их сургууль төгсөж, тэндээ багшилж байсан дуучин Фола Дадаг энэ удаа урьжээ. Цаг яг 20.00 болоход тэрбээр хаалгаар орж ирэв. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Яг ийм бороотой өдөр зөөлөн буйданд тухалж, кофе уунгаа цонхоор ширтээд жааз дуу, хөгжим сонсох хамгийн гайхалтай сонголт шиг санагддаг. Жааз гэхээр гоёмсог хослолтой залуу, гялтганасан даашинзтай бүсгүй, саксофон хөгжим, пянз санаанд буудаг юм. Танд жааз юуг мэдрүүлдэг вэ?
-Хөгжим, уран зураг, бүжиг гээд л урлагийн бүх төрөл, ямар нэгэн зүйлийг илэрхийлэх хамгийн гайхалтай арга зам. Хүмүүс урлагаар дамжуулж бие биедээ сэтгэлээ нээж, зүрхэндээ мэдрэхийг хүссэнээ олж авдаг. Заримдаа чиний хэлсэн шиг тухтай суугаад жааз сонсох сайхан шүү.
Жааз хааяа хүүхэд шиг. Эсвэл зүрх рүү чиглэж уяраана, бодлын мананд төөрүүлнэ. Бүр уралдааны машинаар давхиж байгаа юм шиг эрч хүч мэдрүүлэх үе ч бий. Нэг үгээр тодорхойлбол жааз бол амьдрал юм даа.
-Манай уран бүтээлчдэд хичээл заахын хажуугаар Монголоос ямар нэгэн мэдлэг ч юм уу өөрт ашигтай зүйл эрж, хайв уу?
-Мэдээж миний хувьд тэс өөр ертөнц. Монголчуудын хэрхэн хувцаслаж, юу идэж ууж, ямар хөгжим сонсож, хоорондоо юу ярилцаж байгаа нь бүгд сонин. Монголчуудтай ажиллах нь үнэхээр сонирхолтой юм. Би аз жаргалтай байлаа.
-Таны тэдэнд мэдүүлэхийг хүсэж буй хамгийн чухал зүйл юу байв?
-Дуу хоолой бол дуучдын хөгжмийн зэмсэг гэсэн үг. Тархи зарим дууг дуулж чадахгүй гэж бидэнд мэдээлж, айдас, хүлээстэй байлгадаг. Тэр бодолдоо захируулалгүй, дотор буй хөгжмийн зэмсэгтэйгээ танилцаж, түүнийгээ зөв ашиглахыг заахыг хүссэн.
-Та монгол дуу сонссон уу?
-Тэд надад С.Гончигсумлаа гуайн “Өргөн хангай нутаг” дууг тоглож сонсгосон. Үнэхээр гайхалтай, миний шар үс боссон.
-Монголд ирснээ хожим юугаар нь дурсах бол?
-Миний хичээл заасан оюутнуудыг хөрс, шим сайтай талбайтай зүйрлэж болно. Энд би олон сайхан үр суулгалаа. Гэхдээ зүгээр ч нэг жижиг жимсний үр биш, маш том модны үр. Сонсгол, мэдрэмж сайтай, авьяаслаг юм.
Тэднээс олон давуу тал олж харсан. Тэд давуу талаа хөгжүүлж олон зүйл хийх боломжтой. Магадгүй би гурван жилийн дараа эргэж ирвэл тэд аль хэдийнэ өсөж өндийгөөд Монголын жааз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, өөрсдийн орон зайг эзлээд, олон үр суулгасан байх болов уу. Би энэ хүүхдүүдээр бахархаж байна.
-Та 10 гаруй улсад аялан тоглосон юм билээ. Аль улсын тайз илүү онцгой байв?
-Би жааз хамтлагтай хамтран олон улсад аялан тоглож байсан. Улс бүр өөрийн гэсэн онцлог, уламжлал, соёлтой учир аль нэгийг нь илүү гоё гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ би том тайзнаас илүү жижиг орон зайд дуулах дуртай.
Жижиг тайзан дээр дуулахдаа үзэгчидтэй ойлголцож, халуун дулааныг нь мэдэрдэг. Тийм үед орчноо ч умартаж, өөрийгөө, цаг хугацааг ч мэдрэхээ больдог. Том тайзан дээр гарахад үзэгчид хол байдаг учир намайг хэчнээн гоё хүлээн аваад ч нэг л хүйтэн хөндий санагддаг.
-Яагаад дуучин болсон бэ?
-Би багадаа товшуур бүжиг бүжиглэдэг байсан нь жааз хөгжимд дурлахад нөлөөлсөн. Дуулж эхэлснээр бүжиглэхээ больсон. Манай гэрийнхэн ч их сайхан дуулдаг. Германд аятайхан дуулдаг хүн олон, бараг л энгийн үзэгдэл. Би ч энд, тэнд хааяа дуулдаг байлаа.
Нэг удаа “Би ямар нэг тодорхой байр суурьтай болж, нэг зүйлийг онцгойлон хийх ёстой” гэж бодсон. Тэгээд зүрхээ чагнатал миний хамгийн хийх дуртай зүйл нь дуулах юм билээ.
-Бичлэгүүдийг тань Youtube хуудаснаас үзсэн. Таны хоолой яг хүрхрээ шиг сонсогдсон. Та хоолойгоо юутай зүйрлэх вэ?
-Ямар хэцүү асуулт вэ. Ийм гоёор зүйрлэсэнд баярлалаа. Хоолойгоо хүрхрээ шиг гэж төсөөлөхөд гоё юм. Би супер дуучин биш. Энгийн эмэгтэй Фола. Зүгээр л хүмүүст дуугаар дамжуулж халуун дулааныг мэдрүүлэхийг хүсдэг. Мэдээж дуучин хүнд байх ёстой олон шинж бий.
Тэр дундаас хамгийн чухал нь хамт ажиллаж буй хөгжимчдөө мэдэрч, сонсдог байх гэж би боддог.
-Жаазаас гадна регги, поп, африк маягийн аялгуутай гээд л олон төрлөөр дуулдаг юм билээ. Аль нь Фола Дадад илүү ойр вэ?
-Би бүгдээс нь өөрийгөө олдог. Бүгдээрээ миний өөр, өөр зан чанарыг илэрхийлдэг.
-Таны тухай мэдээлэл интернэтээс хайхад германаар гарч ирсэн. Герман хэл мэдэхгүй тул “Википедиа” дэх намтар дээрээс тань “Авьяаслаг германчууд” гэсэн үгийг л ойлгосон. Тэр шоунд оролцож байсан юм уу?
-Би долоо дахь жилдээ дууны багшаар ажиллаж байна. “Авьяаслаг германчууд” шоунд оролцсон хүмүүст багшилж байсан.
-Өөрийн сургуультай гэсэн үү?
-Би их сониуч хүн л дээ. Хүмүүсийг хоолойгоор нь дамжуулж мэдэрч, ойлгохыг хүсдэг. Тиймдээ ч хүмүүст туслах зорилгоор хөгжмийн сургууль байгуулсан. Хичээлийн гурван өрөөтэй. Байнга тоглолтоор явдаг тул сургуулиа өргөжүүлэхэд анхаарах завд гарахгүй л байна.
-Жааз хөгжим ирээдүйд ямар байх бол?
-Мэдээж анх үүссэн шигээ байж чадахгүй. Залуучууд сонирхдог хөгжмөөрөө дамжуулж жаазыг өөрчилж байгаа. Жааз олон төрлөөр хөгжиж байгаа тул зовох зүйл алга.
Б.ДӨЛ