Кино үзэхээр 7000 төгрөгөөр тасалбар худалдан авахдаа та энэ мөнгө юунд зарцуулагддаг тухай бодож үздэг үү. “Ёстой сайхан кино үзлээ” гэж баярлаад гарахдаа та Монголын кино урлагт хөрөнгө орууллаа гэж боддог байж болох юм. Гэхдээ энэ мөнгөний 52 хувь буюу 3640 төгрөг нь очих ёстой эздэдээ хүрдэг.
Тэгэхдээ хууль ёсны дагуу татвараа төлж, ажилчдаа цалинжуулж, тоног төхөөрөмжийн зардлаа хасаад үлдсэнээс нь кино найруулагч, продюсер хувь хүртэнэ. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Зайран гуай еэвэнгийнх нь талыг хэн идсэнийг мэдэж чадалгүй, Боролдойг Долдойгоор банздуулж суудаг төрх нь эндээс тод харагдана.
Монголын кино урлагт цоо шинэ өнгө төрх нэмэхээр өндөр үнээр зохиол худалдан авч, киноны техник, тоног төхөөрөмж хөлслөн, гурван сар гаруйн хөдөлмөрөө зориулсан нэгэн найруулагч кино театруудын увайгүй тулгалтын тухай харуусан ярьж байсныг санаж байна. Тэрбээр кино хийхийн тулд жүжигчид хөлсөлж, уран бүтээлчдийг цалинжуулахаар банкнаас зээл авчээ.
Чанартай сайн кино хийчихвэл энэ зардлаа нөхөхөөс гадна бага байхаасаа л кино урлагийн төлөө гэсэн чин сэтгэлтэй болсон хүний хувьд үүнийг өөрийнхөө үүрэг хэмээн үзсэн гэнэ. Монголд гарын таван хуруунд багтах цөөн кино театр байдаг.
Бүгдэд нь нэгэн зэрэг киногоо гаргаж чадвал богино хугацаанд олон хүнд үзүүлэх боломжтой учраас тэрбээр бүх кино театртай гэрээ байгуулжээ.
Харамсалтай нь нэр хүндтэй нэгэн кино театр түүнд авах мөнгөнийхөө 10 хувьд шатахууны талон авах ёстой гэсэн хачирхалтай гэрээ санал болгожээ. Манай кино театрууд саяхныг хүртэл уран бүтээлчтэй орлогыг нь 50:50-иар хуваадаг байснаа ШӨХТГ-ын шаардлагын дагуу хоёр хувь буулгаж 48:52-оор гэрээ хийх болсон. Гэтэл дахиад 10 хувийн “торгууль”- тай гэрээ хийхийг шаардсан нь түүнд таагүй санагдсан ч киногоо гаргахаас өөр сонголт байсангүй.
Учир нь тэр зар сурталчилгаанд маш их мөнгө зарцуулсан шүү дээ. Уран бүтээл гэдэг авьяасаас улбаатай. Хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг авьяастныг тойрч бусад нь бизнес хийдэг гэж ойлгож болно. Найруулагч нар шинэ кино хийхгүй бол кино театрт үзэгч очихгүй. Гэсэн хэдий ч өрсөлдөөн нэмэгдэж, олон кино гарах тусам кино театрууд босгоо өндөрсгөж, өөрсдийн хүсэлд нийцэх тулган шаардлагыг гэрээндээ тусгах болжээ.
Түүнчлэн нээлтийн үзвэртээ 100 зочин уривал тэднийхээ тасалбарын үнийг мөн л өөрөө төлөх ёстой болдог аж. Гэрээг харилцан тохиролцож хийдэг бол Монголын кино урлагийн салбарт кино театрт нь ноён, уран бүтээлч нь боолын шинжтэй байх болжээ. Соён гэгээрүүлэх, уриалан дуудах хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг урлагийн салбар бол кино билээ.
Хүн төрөлхтний гайхамшигт нээлтүүдийн нэг кино урлаг XIX зууны сүүлчээр үүссэн ч хэдхэн жилийн дотор дэлхийг байлдан дагуулсан юм. Асар хурдацтай хөгжсөн энэ урлагийн түүчээнээс монголчууд ч хол хоцорсонгүй. Хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гадаадын пүүс, гаднын улс орон руу айлчлаад ирсэн Монголын төрийн түшээд хүртэл кино проектор авчирч, нутагтаа гаргаж байсныг илтгэх баримт цөөн боловч үлджээ.
1985 онд Улаанбаатар хотод найм, Дарханд хоёр, аймаг бүр нэг кино театртай байжээ. Мөн кино гаргадаг цэгийн тоо 600-д хүрсэн байж.
Тухайн үед киночид уран бүтээлээ олны хүртээл болгоход сэтгэл чилээдэггүй байсан цаг. Ийн эртний түүх, кино урлаг үүссэн түүхийг зүгээр ч нэг дурдсангүй. Кино урлаг, үзвэрийн үсрэнгүй хөгжлөөрөө гайхуулж байгаа АНУ-ын кино театрууд хэрхэн гэрээ хийдэг тухай сонирхож үзлээ.
Өнгөрсөн жил хийсэн нэгэн судалгааны дүнгээс үзвэл кино нээлтээ хийснээс хойш 2-3 долоо хоногт орлогынх нь 20-25 хувийг кино театр авдаг аж. Үзэгч ихтэй, орлого сайтай байх учраас ийн төлөвлөдөг байна. Харин үзэгч арай цөөрсөн гурав дахь долоо хоногоос хойш 45-52 хувиар гэрээ хийдэг. АНУ-ын муж, хот болгонд кино театр байдаг учраас жижиг хотуудад кино гаргаж эхэлснээс хойш тав дахь долоо хоногоос үзэгчгүй шахам болох тохиолдол байдаг учраас тав дахь долоо хоногт орлогын 80 хувиар гэрээ байгуулдаг жишигтэй юм байна.
Үзвэрийн газрын ажилтнуудын цалин, үйлчилгээний зардал зэргийг олохын тулд энэ ч шударга ёсонд илүү нийцнэ. Монголд цөөн ч гэсэн кино театрууд байгаа нь, тэд үйлчилгээгээ сайжруулахаар ажиллаж байгаа нь сайшаалтай хэдий ч эх үндэс болсон киноны уран бүтээлчдийхээ хөдөлмөрийг хэтэрхий бага үнэлж, тэднийг өөрсдийнхөө эрхшээлд байлгадаг боол мэт бүү бодоосой гэсэндээ энэ бүхнийг нуршлаа.
600 сая төгрөгөөр кино хийчихээд нээлтээ хийснээсээ хойш удалгүй киногоо HD хувилбараар нь хулгайд алдчихаад мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч суусан нэгэн найруулагчийн тухай сонссон юм. Хамтран зүтгэгчдээ сэжиглэж, гэрээ байгуулж, киногоо түгээсэн театруудаа хардаж чадахгүй байгаа ч түүний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л болж хувирсан гэдэг.
1500 төгрөгийн үнэтэй VCD болон тарж, кино үзүүлдэг интернэт сайтуудад үнэгүй байршчихсан энэ киног дараа нь видео сангаас үзэх хүн ч олдохгүй байх. Нэг үеэ бодвол Монголын кино урлагт өрсөлдөөн нэмэгдэж, уран бүтээлийн чанар сайжирч байгаа. Харин кино хийхээр зориглож, хөрөнгө мөнгөө зориулсан найз нөхдөөсөө нээлтийн урилга бүү гуйгаарай. Болж өгвөл худалдаж л авсан нь дээр. Ядаж л найз чинь 3640 төгрөгийн өрөнд орохгүй шүү дээ.
Ж.СОЛОНГО