Техник технологи асар хурдацтай хөгжиж байгаа ч “Ирээдүй рүү аялсан нь” киноны эрдэмтэн Эммет Броуны бүтээсэн шиг цаг хугацааны машинаар өнгөрсөн үе руу аялах боломж хараахан бүрдээгүй л байна. Гэхдээ улиран одсон түүхэн үйл явдлуудын талаар мэргэжилтний сонирхолтой яриаг сонсож, түүнтэй холбоотой түүхэн дурсгалт хөшөөтэй танилцах боломжийг “Хөшөө түүх өгүүлнэ: Цаг хугацааны аялал” олгож байна.
2014 онд хийсэн тооллогоор нийслэл хотод нийтдээ 153 хөшөө дурсгал байна хэмээн бүртгэжээ.
Хотын тохижилтод чимэг болохын зэрэгцээ түүхэн үйл явлуудыг үе үеийнхэнд нэхэн сануулдаг дурсгалт хөшөөтэй танилцах аялал энэ сарын 10-нд явган аялал хэлбэртэй болох юм.
“Номтой нөхөрлөе” клубийн хамт олон санаачлан зохион байгуулж буй аялалд Чингисийн талбайгаас эхлэн бөгөөд 10 хөшөөг онцолж, аяллын үеэр танилцуулахаар сонгожээ.