Сонгодог жаззыг ардын хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Арга билэг” хамтлаг Грэмми наадамд нэр дэвшжээ. Соёл урлагийн олон наадмуудаас дэлгэцийн болон тайзны, хөгжмийн шилдгүүдийг тодруулдаг Оскар, Тони, Грэмми гэх гурван наадам хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй нь.
“Агула” цомгоороо хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлд олгодог “Грэмми”-д өрсөлдөж буй “Арга билэг” хамтлагийн Т.Пүрэвсүхтэй холбогдлоо.
-Танай хамтлагийн “Агула” цомог “Грэмми” наадамд нэр дэвшсэн гэж сонслоо.
-Манай хамтлаг Швейцарийн "Musiques Suisses" студитэй гэрээ байгуулсан бөгөөд “Агула” цомгийг маань олон улсад танилцуулж, борлуулах ажлыг тус студи хариуцаж буй. Ази, Европ гэсэн бүсчлэл гаргаж хуваарийн дагуу цомгийг маань танилцуулж буй юм билээ. Энэ ажлынхаа хүрээнд “Грэмми” наадамд нэр дэвшүүлсэн байна.
-58 дахь буюу 2016 оны “Грэмми” наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа ирэх жилийн хоёрдугаар сарын 15-нд болох юм билээ. Танай хамтлагийнхан уг үйл ажиллагаанд оролцоно гэсэн үг үү?
-“Грэмми” наадмын шалгаруулалтын талаар сайн мэдэхгүй байна. Ямартай ч бичлэгийн шаардлага хангаж эхний шатандаа тэнцсэн хэмээн Швейцарийн талаас мэдээлсэн.
Хэдийгээр зөвхөн бичлэгийн шаардлага хангаж, эхний шатанд л тэнцсэн хэдий ч “Грэмми”-гийн шагнал гардчихсан юм шиг л баярлаж, догдолж байна.
-“Грэмми”-д нэр дэвшиж байгаа талаараа хэзээ мэдсэн бэ?
-Өчигдөр л мэдлээ. Уг цомгийг Швейцарийн “Хенрих Кайзег” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран гаргасан юм. “Агула” цомгийн продюссер энэ талаарх мэдээллийг өчигдөр фэйсбүүк хуудсандаа тавьсан байсан.
-Танай хамтлагийнханд баяр хүргэхийн зэрэгцээ Лос-Анжелес хотноо болох наадмын шагнал гардуулах ёслолд оролцоорой гэж хүсье.
-Баярлалаа.
Дашрамд сонирхуулахад, “Агула” цомог iTunes, Amazon, Spotify зэрэг нийт 20 гаруй онлайн сувгаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд цомгийн нээлт Цюрих, Луцерн, Винтертур зэрэг таван хотоор аялан тоглолт хэлбэрээр үргэлжилсэн юм.