Монголын моно жүжгийн төвөөс санаачлан Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Монгол мөрөөдөл клубтэй хамтран зохион байгуулж буй "The Parade of Winners" буюу "Ялагчдын цуваа" моно жүжгийн олон улсын Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.
Тус фестивальд Герман, Латви, Молдав, Швед, Украин, Киргызстан улсын шилдэг жүжигчид урилгаар оролцож байгаа юм.
Энэ сарын 1-нд “Одиссей” жүжгээр Германы Хановер хотын “Theatre in der List”-ийн жүжигчин Вилли Шлүттер наадмыг нээсэн бол аравдугаар сарын 2-нд “Миний амьдралыг буцааж өгөөч” жүжгээрээ Молдавын жүжигчин Дмитру Дубина үргэлжлүүлсэн юм.
Харин энэ сарын 3-нд Литвийн Клайпеда хотын Зимка театрын жүжигчин Габриел Запалскикыг “Амок” жүжгээ тайзнаа амилуулсны дараа хэдэн хором ярилцлаа.
-Олон улсын моно жүжгийн наадамд оролцож байгаад тань баяр хүргэе. Өмнө нь Улаанбаатарт ирж байсан уу. Таны жүжгийг монголчууд хэр хүлээж авч байна вэ?
-Анх удаа Монголд ирлээ. Үнэхээр сайхан орон юм. Олон улсын фестивальд би өмнө нь хоёр удаа орж байсан. Өөрийн эх хэлээр гадны орны хүмүүст жүжиг ойлгуулах их хэцүү. Үзэгчидийн сэтгэл хөдлөл нэг их мэдрэгдсэнгүй. Миний хувьд яриа гэхээсээ илүү биеийн жүжиглэлтдээ их анхаарч ажилалаа.
-Улаанбаатар хоттой танилцаж амжсан уу?
-Өчигдөр бид хоёр музей үзсэн. Монголын түүх соёлын талаар багахан ойлголт авсандаа их баяртай байгаа. Мөн бид маргааш Чингисийн хөшөөг харахаар төлөвлөсөн. Харамсалтай нь Монголд нэг долоо хонох учраас бүрэн танилцаж чадахгүй. Тиймээс дараа заавал ирж Монголын тал нутгаар аялж, нүүдэлчин айлд очиж үзэхийг хүсэж байна.
-Яагаад “Амок” жүжгийг тоглох болсон бэ. Жүжгийнхээ талаар ярихгүй юу?
-“Амок” бол агуу хайрын тухай өгүүлдэг дэлхийн шилдэг зохиол юм. Гол дүр маань нэг бүсгүйд хайртай болсноосоо болоод солиоролд автаж байгаа тухай гардаг учраас моно жүжиг болгон үзэгчдэд хүргэхэд их сонирхолтой байдаг. Жүжгийн үйл явдал Энэтхэг улсад болж байгаа. Гол дүр маань эмч бөгөөд хүсээгүй жирэмслэсэн нэгэн эмэгтэй ирж түүнээс аборт хийгээд өгөөч хэмээн гуйж байгаа тухай жүжиг эхэлдэг боловч харамсалтай нь тэр эмэгтэйд дурлаж, түүнээсээ болоод галзуурч, жүжгийн төгсгөлд амиа хорлож байгаа тухай гардаг юм.
-Энэ жүжгээр өөр фестивалд орж байсан уу?
-Өмнө нь би Факистан, Украйн зэрэг улсал “Амок” моно жүжгээрээ олон улсын наадамд оролцож байсан.