Өмнөд Африкт уран бүтээлээ туурвиж, Монголоо сурталчилдаг “Монголиан дрийм циркус”-т ажилладаг алиалагч Н.Баасанжаргалтай ярилцлаа.
-Яагаад алиалагч болсон бэ?
-Ээж минь агаарын гимнастикчин Ц.Намжилмаа гэж хүн байсан. Ээжийгээ дагаж циркт очдог, инээдмийн өдөр Цээеэ, Латиф, Батсүх, Галсантогтох нарын тоглолт үздэг, багаасаа л алиалагч болно гэж ярьдаг байсан. Өөр мэргэжил сонгохыг ч хүсээгүй, яагаад алиалагч болсноо одоо гайхдаг юм. Циркийн дунд сургуульд 16 настай хүүхдүүд элсүүлдэг байсан.
Би 12-тойдоо шалгуулахад найруулагч О.Машбат гуай “Чиний нас бага байна. Гэхдээ чамд боломж бий. Циркийн дугуйланд яв” гэж зөвлөсөн. Дамдинсүрэн гуайн удирдлага дор гэр сургалтад хүмүүжиж, зөвлөгөө авдаг байлаа. Дараа нь Цээеэ, Галсантогтох ахтай ойр ажилласан.
Энд тэнд тоглохдоо дагуулж явна. Хошин ярианы урлаг их сонирхоно. Жаахан хүүхэд шог ярихаар хүмүүсийн эгдүү хүрдэг байсан уу, их сонирхдог. 13 настайдаа анх Улсын циркийн алтан манежнаа томчуудыг дагаж, инээдмийн баярын хөтөлбөрт туслах дүрд оролцсон.
Сүртэй үзүүлбэр үзүүлээгүй байж сандраад, байн байн ариун цэврийн өрөө гүйж билээ. “Шинэ юм сурч болно. Харин алиалагч болох гэж битгий оролд. Алиалагч хүн байгаагаараа байх ёстой” гэж тэд захидаг байлаа.
Дараа нь алиа Данзангийн нэрэмжит алиалагчийн студид сурч, Францад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
-Алиалагч гэдэг нь харахад л мэдэгдмээр төрхтэй юм. Мэргэжилдээ уусаад ийм төрхтэй болчихсон юм уу?
-Багш нар анхнаасаа алиалагч болох хүүхдийг сонгохдоо эгдүүтэй царай ч юм уу погдгор байдлыг нь шалгуур болгодог байх. Бөндгөр хамар, түмбэгэр хацар гээд л бурхнаас надад ийм л инээдэмтэй, алиалагч болоход тохирсон төрх заяасан юм.
-Мэргэжил тань зан чанарт нөлөөлсөн үү?
-Алиалагч гэхээр бусдыг хаа явсан газартаа хөгжөөж, алиалж байх ёстой гэж хүмүүс ойлгодог. “Өө алиалагч ороод ирлээ, За нэг сайхан онигоо ярь” гэх жишээтэй. Тиймээс хүссэн хүсээгүй үргэлж баяр баясгалантай явахыг амьдрал биднээс шаардаж, тэр нь сүүлдээ хэвшил болж, уйтгарлах ч завгүй явна. Алиалагч гэсэн хэрнээ нунж дорой, унжгар явбал хүмүүс муу хэлнэ биз дээ.
-Тэгвэл алиалагчийн зовлон гэвэл юуг хэлэх вэ?
-Хүн төрөлхтний жамаар бусдын адил жаргал, зовлон тохиолдолгүй яах вэ. Харин хувь хүнийхээс тусад нь авч үзвэл алиалагчдад зовлон байхгүй. Гунигтай дүр бүтээж болох ч, уруу дорой байвал алиалагчийн шинжтэй зөрчилдөнө.
-Алиалагч цаанаас төрдөг болохоор ховор байдаг уу, эсвэл хангамж, үнэлэмж тааруу учир энэ мэргэжлийг сонирхох хүн цөөн үү?
-Чадвар байвал хурдан хугацаанд олны танил болох боломжтой, хамгийн амьдралтай мэргэжил шүү дээ. Дэлхийн циркийн зах зээлд алиалагч хамгийн өндөр цалинтай. Манай Монголд нэг хэсэг алиалагчийн үнэлэмж, цалин бага байсан ч цаг үеэ дагаад одоо өөр болсон байх. Дурласан хүн бүрийн хийж чаддаг ажил биш. Үзэгчдэд үнэлүүлж чадахгүй бол бушуухан болих хэрэгтэй.
-Монгол алиалагчийн онцлог юу вэ?
-Өрнө, Дорнын өнгө аяс хосолсон шинжтэй.
-Та хаана хаана ажиллаж байв?
-О.Машбат найруулагчийн монгол гэр хэлбэртэй “Өргөө” нүүдлийн асар циркт 1989 оноос ажиллаж, Европын орнуудад аялан тоглож, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Циркийн урлаг хүнд нөхцөлд байхад 1996 оноос хойш Улсын циркт 10 жил ажилласан. Өмнөд Африкт олон жил ажилласан Х.Батмөнх “Монголиан дрийм циркус”-ээ байгуулахдаа надад санал тавьснаас хойш энд байна.
-Өмнөд Африкийн цирк юугаараа онцлог вэ. Та нарыг гадаадынх гэж хавчих, шахах асуудал бий юү?
-Европ, Монголын цирктэй харьцуулбал хөгжил нь сонирхогчдын хэмжээнд яваа. Үндэсний цирк нь нийгмийн өөрчлөлтөөс болж 2003 онд татан буугдсан. Одоо үзэгчдийн цирк үзэх чадвар, сонирхол сэргэж байгаа. Африк алиалагчид үндэсний хошин бүжиг голдуу бүжиглэдэг нь анзаарагдсан.
Энд нүүдлийн гуравхан цирк байдаг нь өрсөлдөөнгүй. Х.Батмөнх урьд нь энд гэрээгээр ажиллаж байсан болохоор үндэсний циркүүдийнх нь удирдлагатай найз нөхдийн харилцаатай. Харин ч манай цирк бусдаасаа мэргэжлийн түвшнийх учир хүлээн зөвшөөрөгдсөн, биднээс дэмжлэг авах нь бий.
-Монголын талаар хэр мэддэг вэ. Монгол хүн хэр олон бэ?
-“National geographic”-аар хааяа Монголын талаар гардгийг эс тооцвол мэдээлэл бараг байхгүй. Зарим цагаан арьстан мэддэг. Монголоо энд сурталчилж яваа нь бид. Бусад циркт гэрээгээр тоглодог жүжигчид, эндхийн иргэдтэй гэр бүл болсон хоёр эмэгтэй, манай циркийн дөрвөн гэр бүлээс өөр монгол хүн байхгүй. Манай циркт найман монгол, 12 гадаад уран бүтээлч ажилладаг.
-Та нарт арьс өнгөөр ялгаварлах үзэл нөлөөлдөг үү. Бэрхшээлтэй зүйл юу вэ?
-Урьд нь хар арьст хүн цагаан арьстантай ойроос ярьж болохгүй, малгайгаа авах ёстой гэх зэрэг дүрэм байсан юм билээ. Одоо хүн бүр тэгш эрхтэй учир нийгэм нь харьцангуй тайван. Мэдээж гадаадад бизнес эрхэлж амьдрахад бэрхшээл зайлшгүй тулгарна. Гэхдээ бид тэр бүрийг даван туулах дархлаатай болсон. Өмнөд Африкт Хятадын бизнесмэн олширсон.
Гадаадынхан бидний бизнесийг булааж байна гэж тэдэнд эндхийнхэн дургүй. Бид хятадуудтай дүр төрхөөрөө ижил болохоор зарим үед ярианых нь өнгөнөөс дургүйцэл мэдрэгддэг. Гэхдээ танилцаад ойлголцохоор тэр хандлага нь арилдаг.
-Монголдоо хэзээ хамгийн сүүлд ирсэн бэ?
-Долоон жил нутгийн бараа харсангүй. Ирэх зун очих төлөвлөгөө бий. Энэ цирк дөнгөж хөгжиж эхэлж байгаа учир хөл дээр нь босгох хариуцлага үүрч байгаа.
-Танай цирк дэргэдээ сургууль байгуулна гэж байсан. Үйл ажиллагаагаа эхэлсэн үү?
-Африкт ажиллаж, амьдрахад бидэнд визээ сунгахад хүндрэлтэй. Өмнөд Африк Монголын хооронд шууд харилцах албан ёсны байгууллагагүй учир Грек, БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулж визээ шийддэг. Тиймээс Монголоос циркийн багш нар авчирч чадахгүй байна. Уг нь Монголын мэргэжлийн багш нараар жүжигчдээ бэлдүүлэх санаа бий.
Одоогоор манай циркийн жүжигчид 20 гаруй хүүхдэд үндсэн таван төрлөөрөө өдөрт хоёр цаг хичээл зааж байгаа.
-“Би алиалагч” гэж бусдад хэлэхдээ дотроо юу боддог вэ?
-Зарим хүн алиалагч гэдгээсээ ичдэг юм билээ. Мэргэжилдээ дуртай болоод ч тэр үү, надад лав бахархах сэтгэл төрж, хүмүүст яриад л баймаар санагддаг. Тайзан дээр хүүхдүүдэд үзүүлбэр үзүүлэх нь мэргэжлийнхээ үр шимийг үзэж буй хамгийн гоё мөч.
-Тоглолтын үеэр тохиолдож байсан сонирхолтой явдлуудаасаа хуваалцахгүй юү?
-Хүүхдүүд гэнэн цайлган, санаанд оромгүй үйлдэл их хийнэ. Өдөр бүр л гоё юм болно шүү дээ. Уржигдрын тоглолтын үеэр нэг жаахан хүү шууд гүйж ирээд сармагчин шиг хүзүүнд зүүгдчихсэн. Тоглолт болж байгааг ч анзаарч байгаа юм алга.
Би хүүхдэд их хайртай болохоор тоглолт дуустал хүзүүн дээрээ суулгаад үзүүлбэрээ толилуулсан. Хүмүүс ч түүнийг өхөөрдөж, тэр тоглолтыг бүр амилуулсан. Хөшигний ард авч ороод ээж, аавд нь өгөхөд алиалагчид их хайртай хүүхэд гэж байсан.
Зарим хүүхэд алиалагчид хайртай бол биднээс айдаг нь ч бий. Алиалагчдыг аймшгийн киноны дүр болгочихдог болохоор энд сахилгагүй хүүхдүүдийг алиалагчид өгнө гэж айлгадаг.
Б.ДӨЛГӨӨН