Гаэтано Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрынхан үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Эдийн засаг хямралтай байгаа энэ жил шинэ дуурь тавихад зориулан улсаас хөрөнгө, мөнгө өгөөгүй учраас тус театрынхан үнэнч үзэгч, дэмжигчдийнхээ хандиваар алдарт дуурийг тавьж буй.
Сопрано хоолойтнуудыг сорьдог, хамгийн алдартай бөгөөд хэцүү дүрд хэн тоглох нь анхаарал татаж байлаа. Тэгвэл клартурный сопрано хоолойд зориулагдсан Лучиагийн дүрд аравдугаар сарын 17-нд гавьяат жүжигчин Ө.Уянга, аравдугаар сарын 18-нд У.Уранцэцэг дуулахаар болжээ.
Италид амьдардаг дуучин бүсгүй эх орондоо ирж, ДБЭТ-ын тайзнаа гол дүр бүтээх гэж буй нь анхных бөгөөд тэрбээр энэ сарын 17-нд хийх байсан тоглолтоо цуцалж, ДБЭТ-ын уран сайхны зөвлөлийн урилгыг хүлээн авчээ. Тэрбээр “Би ээж, аавдаа ямар дуучин болсноо сонсгомоор байна” гэж хэлээд тэдний саналыг зөвшөөрсөн гэнэ.
У.Уранцэцэг энэ сарын 10-нд эх орондоо ирнэ. Дэлхийн хамгийн алдартай дуурийн театр, концертын танхимд дуулдаг дэлхийн энтэй дуучин маань хоёр жилийн өмнө эгчийнхээ хийсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны дууг дуулж байсныг уншигчид санаж буй биз ээ.
Лучиагийн дүрийг ч тэр хэдийнэ бүтээгээд амжчихсан учраас ДБЭТ-ын шинэ дуурьт өнгө нэмэх нь эргэлзээгүй.
Гаэтано Доницеттигийн бүтээлийг тоглоогүй алдартай театр гэж байдаггүй учраас ДБЭТ-ынхан энэ дуурийг тавихаар зориглосон гэдэг. Тэр ч бүү хэл арваннэгдүгээр сард БНСУ-д “Лучиа ди Ламмермур”-ыг очиж тоглох төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ дуурийн нээлтийн тоглолтын тасалбар 10-30 мянган төгрөгийн үнэтэй аж.