Арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болох “Ромео Жульетта” жүжиг шинэ дуутай болжээ. Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар дэлхийн сонгодог бүтээлийг сэргээн, шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа бөгөөд хөгжмийн зохиолч нь “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбат юм. Харин жүжгийн дууны шүлгийг сэтгүүлч Р.Эмүжин бичжээ. Тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудсанд
"Бид "Ромео Жульетта"-д дурлачихсан. Тийм ч болохоор найруулагч Н.Наранбаатарын дуудлагаар түүний ажлын өрөөнд тухлаад байгаа нь энэ. Монголын театрын урлагт 20 гаруй жилийн дараа эргэн ирж буй "Ромео, Жульетта" жүжгийн хөгжмийг Б.Чинбат маань бичиж, дууны шүлгийг би тэрлэв.
...Мянган жил чи намайг хайрлаж чадах уу
Маргааш хагацах юм шиг дурлах уу
Мянган жил би чамайг хүлээнэ ээ, хайр минь
Маргааш учрах юм шиг хүлээнэ...
Хөгжмийн зохиолч Б.Чинбатын зохиосон аялгуу дэндүү хүчтэй, мэдрэмжтэй, гэгээн байсан болохоор дагаж гэгэлзсээр байгаад даамай хурдан ажлаа амжуулчихлаа. У.Шекспирийн сэтгэлээс төрж, хагас мянганыг туулан хүн төрөлхтний зүрхэнд амьдарсан хайр дурлал гээд бодохоор гоё шүү. Нээрээ, Драмын театрт Ромеод дурлачихсан хүүхнүүд, Жульеттад сэтгэл алдсан харчууд зөндөө байна билээ" хэмээн бичсэн байв.
Шинэ зууны Ромео, Жульетта хэн байх бол гэдэг тааврын тайлал нь болж тус театрын жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар найруулагчийн хараанд өртсөн байна.