Монголын Моно жүжгийн төвөөс санаачлан БСШУЯ, УДБЭТ, “Монгол мөрөөдөл” клубтэй хамтран зохион байгуулж буй “The parade of Winners” буюу “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын фестиваль өнгөрсөн сарын 30-наас эхлэн энэ сарын 6-ныг дуустал Улаанбаатар хотод болж байна.
Олон улсын моно жүжгийн наадамд амжилттай оролцдог жүжигчдийг энэ наадамд урилгаар оролцуулаад байгаа юм.
Тус наадмыг “Одиссей” жүжгээрээ нээсэн Германы Хановер хотын “Theatre in der List”-ийн жүжигчин Вилли Шлүттертэй цөөн хором ярилцлаа.
-Моно жүжгийн олон улсын фестивальд оролцож байгаад тань баяр хүргэе. Өмнө нь Монголд ирж байсан уу. Сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Баярлалаа би өмнө нь Монголд ирж байгаагүй. Байгаль нь их сайхан гэж сонссон ч одоохондоо үзэж амжаагүй байна. Гэхдээ маргааш бид Улаанбаатар хотоос гарч аялал хийхээр төлөвлөөд байгаа. Монголчуудын дөлгөөн харц, тайван байдал надад их таалагдсан. Дахиад заавал Монголд ирнэ гэсэн зорилго тавьсан шүү.
-Яагаад “Одиссей”-г сонгож тоглох болсон юм бэ?
-Би багаасаа Грек, Ромын түүх, бурхдын дүр зэргийг сонирхдог байлаа. Тиймээс Германд өөр жүжигчин тоглож байхыг хараад их таалагдаж би яагаад болохгүй хэмээх бодол төрсөн. Энэ жүжгийн зохиолыг Герман хэл дээр уншихад үг, хэллэг нь маш их таалагдаж өөрөө жүжиг болгон үзэгчдэд хүргэе хэмээн шийдсэн. Би энэ дүрдээ хайртай учраас чин сэтгэлээсээ тоглохыг үргэлж эрмэлздэг.
-Моно жүжгийг бусад төрлийн жүжигтэй харьцуулахад их ур чадвар шаарддаг байхдаа?
-Бэлтгэл маш чухал. Тоглолтоос хэд хоногийн өмнө бэлтгэлээ хийж эхэлнэ. Дотроо төсөөлөн бэлдэнэ, сургуулилт хийнэ. Гэхдээ нэг бодлын ганцаараа болохоор амар үе бий. Хэн нэгнийг хүлээж цаг алдахгүй шүү дээ. Монгол руу ирэхээр нисэж байхдаа хүртэл төсөөлөн бодоод, жүжгийн бэлтгэлээ хийж байлаа. Ирээд тайзтайгаа, зрительтэйгээ танилцана. Энэ удаагийн Монгол Улсад тоглохоор хол газраас ирсэн. Жүжгээ тоглохдоо хэрэглэдэг бүх зүйлээ авчрах боломжгүй байсан. Аль болох орлуулж хэрэглэх цөөхөн зүйл авчирч, нөхцөл байдалд тохируулан тоглолоо.
-Монголын үзэгчид хэр хүлээж авсан бэ?
-Би Герман хэл дээр жүжгээ тоглосон болохоор үзэгчид нэг их сэтгэл хөдлөлтэй үзээгүй. Гэхдээ өөрийн эх орондоо алдартай жүжгийг үзнэ гэдэг сайхан зүйл байсан байх гэж бодож байна. Мөн энэ наадам олон жүжигчнийг хоорондоо туршлага солилцох боломж олголоо. Маш өвөрмөц үзэгдэлтэй олон тоглолт болж байна. Энэ олон илэрхийлэл, үзэгдэл, сэтгэл хөдлөлийн нийлбэрийн нэг хэсэг нь болж буйдаа баяртай байна.
Г.Оюунтогтох