1951 онд 13 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр Хүүхдийн төв театр байгуулагдсан. Тэр бол Монголын жүжгийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгч болох Ө.Эрэнцэнноров, С.Гэндэн, А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн, С.Сугар нарын сайхан уран бүтээлчдийг төрүүлсэн газар юм.
Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, С.Мандах, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг нарын 100 гаруй уран бүтээлч ч тус театрт бүтээлээ туурвиж Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта” гэх мэт дэлхий болон Монголын зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан түүхтэй.
Тэдгээр уран бүтээлчийн тэргүүн эгнээнд гавьяат жүжигчин Л.Жанчивдорж жагсана. Төмөр замын техникумд суралцсан ч Улсын хүүхэд, залуучуудын театрт насаараа ажилласан тэрбээр Э.Оюуны “Хайр”-ын Батгэрэл, С.Эрдэнийн “Хатуу тоглоом”-ын Цогт, “Гуталчин хүү”, “Диваажингаас амьдралд хүрэх замд” зэрэг олон жүжгийн дүрийг чадварлаг бүтээснээс гадна “Хүний сайхан сэтгэл”, “Хачин хүн”, “Бэрсүүт жүрж” зэрэг кинонд тогложээ.
Түүнчлэн “Элдэв зураг” хошин хөтөлбөр, “Инээдмийн өдөр” тоглолтыг санаачлагчдын нэг гээд түүний тухай өгүүлэх зүйл олон. Л.Жанчивдоржийн хоёр хүү аавынхаа мөрийг тодруулах, үйл хэргийг нь үргэлжлүүлэх залгамж халаа болж явна.
Том хүү Ж.Жамъянсүрэн нь SCH энтертайнмент байгуулан “Сексийн эрх чөлөө” анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн бол бага хүү Ж.Сэнгэдорж нь “Sun pictures”-ийг үндэслэн “Бодлын хулгайч”, “Лардьма”, “Омарын эрэлд”, “Босуул” зэрэг уран бүтээл туурвин кино урлагт өнгөлж яваа. Театрын урлагт гялалзаж явсан аавын хөвгүүдтэй ярилцлаа.
-Ярилцлагаа шинэ уран бүтээлийн тухай асуултаар эхэлье. Ах дүү хоёр дахин нэг уран бүтээлд ажиллажээ дээ?
Ж.Ж: -Тэглээ. Дүүгийнхээ найруулсан “Босуул” кинонд туслах дүр авч ажиллалаа. Харин хувь уран бүтээлчийн хувьд Г.Аюурзанын “Бөөгийн домог” романыг кино зохиол болгож бичлээ. Энэ зохиолоо кино болгох төлөвлөгөөтэй байна.
-Хамтдаа хэчнээн уран бүтээлд ажилласан байдаг вэ?
Ж.Ж: -Бид аливааг огт өөр өнцгөөс хардаг, өөр ертөнц, арга барилтай уран бүтээлч. Хамт ажилласан гэвэл “Мөрөөдлийн хөлөг онгоц” анхных нь. Дараа нь 2005 онд Монгол, Японы хамтарсан “Чингис хаан” киноны найруулагч нарын бүрэлдэхүүнд хоёулаа багтаж, И.Нямгаваа найруулагчийн баруун, зүүн хоёр гар болж ажилласан даа.
Ж.С: -И.Нямгаваа гуай аавтай минь амьдрал, уран бүтээлийн анд болж явсан хүн. Тэр хүний ачаар уг кинонд ажилласан нь бидэнд маш том туршлага болсон.
-Өөр өөр ертөнцтэй найруулагч нар нэг уран бүтээлд хамтран ажиллахад зөрчилдөх, муудалцах явдал гарах уу?
Ж.Ж: -Тийм асуудал гарна. Гэхдээ Сэнгээ найруулагчаар, би жүжигчнээр ажиллаж байгаа тохиолдолд харьцангуй гайгүй. Зөрчилдөөд ч яах юм билээ. Жүжигчин хүн найруулагчийн хэлснийг л хийх ёстойгоос хойш.
Ж.С: -Уран бүтээлийн маргаан гарна шүү.
-Та “Сексийн эрх чөлөө” киногоо хийж байх үедээ хүнд өвдсөн. Хүнд өвчний ард гарахад асар их сэтгэлийн тэнхээ шаардсан байх?
Ж.Ж: -SCH энтертайнмент уран бүтээлийн гараагаа “Сексийн эрх чөлөө” киногоор эхэлсэн. Энэ кинонд уг нь өөрөө найруулаад, тоглоно гэж бодож байсан боловч биеийн байдлаас болоод чадаагүй л дээ. Ингэж өвдсөн нь надад их зүйлийг ухааруулсан.
Амьдралын үнэ цэнэ, хүмүүсийн мөн чанарыг зах зухаас нь гадарлахтайгаа болсон. Үхлийн хаалга тогшчихоод эргээд амьдрал руу явна гэдэг зол шүү дээ. Найруулагч болох гээд ядаж яваа миний хувьд амьдралыг таних бас нэг боломж байлаа.
-Урлагийн мэргэжил сонгоход аавын тань нөлөө байсан уу?
Ж.Ж: -Эцэг эхийн нөлөө байлгүй яах вэ. Аавынхаа дэргэд өөрийн мэдэлгүй л урлагт дуртай, хайртай болчихсон, урлагийн хүн болох зам руу гишгэчихсэн байсан. Хүүхэд байхаасаа л Сергей Бондарчук шиг өөрөө найруулдаг, жүжиглэдэг уран бүтээлч болохыг хүсдэг байлаа. Түүний “Хүний хувь заяа” гэдэг кинонд хамгийн их дурлаж байсан даа.
Ж.С: -Би дунд сургуулиа төгсөөд нэг жил театрт гэрэлтүүлэгч хийсэн шүү дээ. Тэр үед театрын орчин гэдэг зүйлийг илүү ойлгож, уран бүтээлийг нь сонирхож, өөрийн мэдэлгүй театрын амьдрал руу орчихдог юм билээ. Ингээд л урлагийн мэргэжил сонгосон.
-Эсэргүүцээгүй гэж үү?
Ж.Ж: -Харин ч үгүй шүү. Уран бүтээлч байхын гайхалтайг, аз жаргалтайг, амтыг нь мэдэрчихсэн хүн юу гэж эсэргүүцэх билээ. Аав “Миний хүүгийн сэтгэл зүрх хаашаа цохилж байна, чи юу хүсэж байна, түүнийгээ л хий” гэсэн. Гэхдээ надад эргэлзсэн удаа байхгүй л дээ.
Ж.С: -“Советский экран”, “Советский фильм”, “Театр” сэтгүүл манай гэрт тэвхийтэл хураалттай байдаг байлаа. Энэ мэтчлэн асар их нөлөө байсан даа.
-Хувь уран бүтээлч гэхээсээ Жанчивдоржийн хүү гэж хэлүүлэх үе бишгүй л байсан байх?
Ж.Ж: -Зарим хүн ингэж ярьдаг, “Их хүний сүүдэр дороос өндийж чадалгүй насыг бардаг” гэж. Би бол хэзээ ч тэгэж бодож байгаагүй ээ. Би Жанчивдоржийн Жамъянсүрэн гэж хэлүүлэхдээ бахархдаг. Тэр хүний сүүдэр дор яваад насыг барсан ч надад аз. Ааваасаа илүү гарах ч үгүй. Би Жанчивдоржийн Жамъянсүрэн гэдгээ харуулахад л болно шүү дээ.
Ж.С: -Маш том хариуцлага л даа. Гэхдээ хүмүүс намайг эцгээр минь таньж байгаа нь бахархал. Би урлагийн сургуулийн шалгалтад анх орохдоо ч аавынхаа нэрийг хэлж байгаагүй.
-Аавынхаа ямар уран бүтээлд хамгийн их хайртай вэ?
Ж.Ж: -Түмэн олон аавыг минь “Элдэв зураг” гэж шог гараагаар нь л илүүтэй мэддэг байх. Харин аав минь үүнийг бие халаалт гэж үздэг байсан даа. Тамирчнаар зүйрлэвэл дасгал хийхийн өмнөх бие халаалт гэх үү дээ.
Аав минь дэлгэцийн биш тайзны уран бүтээлч. Бүхэл бүтэн театрын гоцлол жүжигчин байсан. Хаа ч хэлнэ. Хүүхэд, залуучуудын театр тэр хүний нуруун дээр явж байсан гэвэл хилсдэхгүй болов уу. Бараг бүх жүжгийнх нь гол дүрд тоглож байсан.
Хүүхэд, залуучуудын театрын мандаж байсан үе нь Л.Жанчивдорж, И.Нямгаваа гэж хүмүүстэй салшгүй холбоотой гээд хэлчихэд хэн ч маргахгүй байх. Би “Гэгээ” гээд эмгэнэлт инээдмийн жүжгийн Сономравдангийн дүрд нь их хайртай. Тэр дүр Жанчивдоржийг огт өөрөөр харуулсан.
Ж.С: -Аав 140-өөд жүжгийн гол дүр бүтээсэн гээд бод л доо. Би “Хачин хүн” кинонд нь дуртай.
-Аав тань хөвгүүддээ юуг хамгийн их захидаг байсан бол?
Ж.Ж: -Хүнээс нь асууж, зөвшөөрүүлэхгүйгээр арван мөнгө ч битгий ав гэж захидаг байлаа. Шударга бай, шуналгүй бай гэсэн үг шүү дээ. Ямар ч тохиолдолд хүн бай гэж үргэлж хэлдэг байсан.
Ж.С: -Хүн байхыг л сургадаг байсан.
-Та хоёр хэр дүрсгүй хүүхэд байв. Аавын алганы амтыг хүртэж байв уу?
Ж.Ж: -Би хөдөлгөөнтэй хүүхэд байгаагүй ээ. Их ичимхий, бүрэг, нэрэлхүү, дотогшоо хүүхэд байсан. Харин Сэнгээ эсрэгээрээ. Аав минь бидэнд нэг ч удаа гар хүрэлгүй өсгөсөн шүү дээ.
-Л.Жанчивдорж агсныг хөвгүүдээ хоёр гартаа хөтлөөд л хүн болгосон гэцгээдэг юм билээ. Ээжийнхээ тухай дурсаач?
Ж.Ж: -Миний ээж А.Авирмэд жар гарч яваа сайхан хөгшин бий. Хүний амьдрал л юм хойно ойлголцох, ойлголцохгүй асуудал гарсан байх. Намайг 12-той байхад л салж, тус тусын амьдралаа хөөсөн. Амьдрал бол арга билиг, эр эм, жаргал зовлон, өдөр шөнө, хар цагаан дээр тогтдог.
Гэрийн тооно хүртэл хос баганаар босдог. Гэтэл амьдралын энэ хоёр өнгөний нэг нь байхгүй болчихоор ямар санагдах вэ. Тэр өнгө үгүйлэгддэг л байхгүй юу. Тийм л байсан даа. Одоо ээж бидэнд их түшиг болж байгаа.
-Танай байранд Г.Дашхүүгийнх, О.Бат-Өлзийгийнх гээд л урлагийнхан амьдардаг байсан. Ер нь урлагийнхан нэгнийхээрээ байнга л орж гардаг байсан уу?
Ж.Ж: -Урлагийнхны хөл тасрахгүй. Бүжиг дэглээч, дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч гээд бүхий л салбарынхан ирнэ. Манай хаалга үргэлж нээлттэй айл байсан даа.
Ж.С: -Зохиолч Д.Гармаа гуай, найруулагч Б.Мөнхдорж гуай гээд л тоочоод байвал дуусахгүй.
-Аавынхаа найз Г.Дашхүү агсны хүүхдүүдтэй ойр байдаг уу?
Ж.Ж: -Нэг дор өссөн хүүхдүүд шүү дээ. Сайхан харилцаатай явдаг.
Ж.С: -Д.Галбаяртайгаа их ойр доо. Бас л ялгаагүй уран бүтээлч хүмүүс.
-Аавын тань удамд ер нь урлагийн авьяастай хүмүүс байв уу?
Ж.Ж: -Хүний торгон мэдрэмж байгалиас л заяадаг. Тэр зүйлийг хаашаа, яаж хөгжүүлэх нь л чухал. Аавд тэр торгон мэдрэмж заяасан. Түүнийгээ урлагаар хөгжүүлсэн нь тэр шүү дээ.
А.ХАЛИУН