Улсын драмын эрдмийн театр хэмээх ажил ундарч, амьдрал буцалсан байгууллагаар зочлох сайхан байдаг юм. Өнгөрсөн баасан гаригт тус театрыг зорьж, басхүү сонин сайхан мэдээлэл олныг дууллаа.
УДЭТ-т удахгүй алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг тоглоно. Шинэ уран бүтээлийн бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ хөдөө орон нутаг, хот орчимд аялан тоглолт хийж, театрт жүжиг үзэж байгаагүй багачуудыг баярлуулж, гадаадын театрын уран бүтээлчдийг урьж тоглуулсан Маркетингийн албаныхан тун завгүй ажилтай байжээ. Тэдний төлөөлөл болгон менежер Б.Гэрэлтэй ярилцсанаа хүргэе.
-Өнгөрсөн хавар “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг та бүхэн сэргээн тоглуулсан. 30 гаруй жилийн өмнө тоглож байсан энэ уран бүтээл өнөө ч үнэ цэнэтэй хэвээр байлаа. Энэ жүжгийг сэргээн тавих болсон шалтгаан нь юу байв?
-Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг 1988 онд Э.Санчигдан найруулагч үзэгчдийн хүртээл болгосон. Тухайн үед жүжгийн зураачаар Б.Төмөрхуяг, хөгжмийн зохиолчоор Г.Алтанхуяг ажиллаж байсан. 30 гаруй жилийн өмнө тайзны бүтээл болж байсан энэхүү жүжгийг сэргээн тавьж энэ цаг үеийн үзэгчдэд хүргэж байгаа маань бас учиртай. Нэгдүгээрт хайр бол мөнхийн сэдэв.
Эцэг эх, үр хүүхэд, найз нөхөд, амраг сэтгэлийн хайраас гадна бас эх орноо хайрлах хайр гээд маш олон хайр бий. Ерөөс хүнийг хүн байлгадаг, хүн гэж тодорхойлдог нэг гол категори нь хайр юм. Гэтэл тэр хайр байхгүй болоод, үгүйлэгдээд ирвэл яах вэ? Тийм орон зай, цаг хугацаанд юу болох вэ? Тийм нөхцөлд хүн өөрийгөө хүн мөн гэж хэлэх бүрэн эрхтэй байж чадах уу гээд маш олон бодууштай, санаж сэрүүштэй, өөрөө өөрөөсөө болон өрөөл бусдаас асуух асуулттай, театрын урын санд зайлшгүй байх ёстой жүжиг учраас сэргээн тавих болсон нэг шалтгаан байна. Хоёрдугаарт энэ жүжигт ажилласан найруулагчийн ажиллагаа, зураачийн ажил хоёр театрын түүхэнд бас нэгэн өнгө төрх, шинэлэг зүйлийг авч ирсэн бүтээл болсон байна гэж тухайн үедээ театр, урлаг судлаачдаас өндөр үнэлэлт авч байсан юм. Гуравдугаарт, уг жүжгийн зураачаар ажилласан Б.Төмөрхуяг зураачийн 70 насны ой энэ онд тохиож байгаа.
-Театрын уран бүтээлчид зуны амралтаа дуусгаж орж ирээд л аялан тоглолтоор явж, завгүй ажиллаа. Ямар ямар аймгийн үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн бэ?
-Манай театрын хамт олон “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэхүү аялан тоглолтын үйл ажилллагааг бид хөдөө орон нутгийн иргэдэд зөвхөн театрын бүтээлээ толилуулаад өнгөрөх төдийхнээр хязгаарлаж ирсэнгүй аль болохоор өргөн цар хүрээтэй зохион байгуулахыг бодолцдог юм. Тухайлбал уулзалт, ярилцлага зохион байгуулах, сургалт явуулах мөн түүнчлэн тухайн аймаг, орон нутгийн театртай хамтран ажиллах харилцаагаа өргөтгөх зэргээр зохион байгуулж ирсэн. Энэ онд бид хаврын бригадаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудад намрын бригадаар Өвөрхангай, Баянхонгор аймгуудад аялан тоглолтоо амжилттай зохион байгууллаа. Үүний зэрэгцээ мөн хот орчмын аялан тоглолтыг зохион байгуулж цаашдаа энэ үйл ажиллагааг тогтмолжуулах бодлогыг барьж байгаа. Энэ жилийн аялан тоглолтын бас нэг онцлог юу байсан бэ гэхээр, бид аймаг, сумын болон хот орчмын иргэдэд драмын урлагаар 50-70 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилсэний дээр зорилтот бүлэгт багтах хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн.
Өнгөрсөн сарын 9-14-нд Өвөрхангай, Баянхонгор аймагт тоглосон. Энэ удаагийн аялан тоглолтын хүрээнд Дариа Фо “Чөлөөт хос”, С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр”, Н.Ганхуяг “Бүүвэй”, Н.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгээр нийт 23 удаагийн тоглолт зохион байгуулж 5565 үзэгчид үйлчиллээ.
Энэ үеэр 20 гаруй ЕБСургууль, томоохон аж ахуй нэгж байгууллагуудад уран бүтээлчтэй хийх уулзалт ярилцлагыг зохион байгуулсны дээр, театрынхаа уран бүтээлчдийн төлөөллөөс шинэ сум төсөлтэй танилцуулж, Баянхонгор аймгийн бүх сумдын Соёлын төвийн эрхлэгч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, аймгийн төвөөс гадна Хархорин, Нарийнтээл, Бууцагаан, Хайрхандулаан, Өндөрширээт зэрэг таван сумын нийт 1000 гаруй үзэгчдэд хүрч үйлчилсний дээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн 600 гаруй хүүхэд залууст үнэ төлбөргүй тоглолт зохион байгууллаа.
Аялан тоглолтын үйл ажиллагааны хүрээнд “Соёл урлагийн ажилтны өдөр” тохиож манай театрын жүжигчин Б.Одончимэг БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнуулснаас гадна надад Баянхонгор Засаг даргын тамгын газраас “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, эрэгтэй хувцасны эрхлэгч О.Гандөлд Хархорин сумын ЗДТГазраас хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулсан.
Драмын урлагаар хөдөө орон нугийн иргэдэд үйлчлэх, сурталчлан таниулах зорилго зорилт бүхий энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэн “Шунхлай” групп, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Засаг дарга болон Тамгын газар, НБХэлтэс, БСГазар, Лувсанвандангийн нэрэмжит ХДТеатр, “Тэмүжин” театр, Өвөрхангай аймгийн ХДТеатр, “Дэлхийн Зөн” ОУ-ын байгууллага, Өвөрхангай аймгийн 1-р сургууль, “Дэлгэрэх хүнс” ХХК, “Соёмбо” ТВ, “Хас” ТВ, УИХ гишүүн С.Ганбаатар, 339-р цэргийн анги, “Албанбулаг” зочид буудал, “Нэгдэлчин” зочид буудал, “Ивээл” салон, “Болдмаа”салон, “ТВ10”, “Хонгор” ТВ, “Баянхонгор” ТВ, Khongornutag.mn, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, ЕБСургуулиуд болон бусад байгууллага хамт олонд талархсанаа илэрхийлье.
-Энэ аялан тоглолтын өмнөхөн бас Английн “Глоб” театрын тоглолт хийсэн. “Гамлет”-ийг монгол хэлээрээ үзэж байсан манай үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон шүү.
- Наймдугаар сарын 12-нд “Глоб” театрын уран бүтээлчид “Clobe to Globe Hamlet” төслийн хүрээн дэх аялан тоглолтоо Монгол Улсад зохион байгууллаа.
500 гаруй жилийн түүхтэй энэ театрын шилдгийн шилдэг бүтээлүүдийн нэг, хүн төрөлхтний оюун санааны дээж бүтээл “Гамлет” хэмээх энэхүү алдарт жүжгийг эх хэлээр нь, тухайн театрын онцлог өнгө төрх, буй байгаагаар нь үзэж сонирхоно гэдэг бол ховор завшаан, цаашлаад уран бүтээлчдийн харилцан хамтын ажиллагаанд ч гэсэн том алхам, гарц боллоо гэж харж байгаа.
Мөн манай театрын 16 уран бүтээлч Эрхүү хотноо Вампиловын нэрэмжит фестивальд “Хэрээт төгөл” жүжгээр оролцож байгаа.
-Өнөө орой Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” тоглох хуваарьтай юм байна. Жил бүрийн өдийд гайхамшигтай олон түүхэн жүжгийг үзэх боломж тохиодогт талархаж байна шүү.
-“Түүхэн жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд “Тэнгэрийн хүү”, “Оролмаа”, “Тэмүүжин”, “Тамгагүй төр” жүжгийг тоглох юм. Сүүлийн жилүүдэд бид “Сонгодог жүжгийн өдрүүд”, “Түүхэн жүжгийн өдрүүд”, “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ийг зарлаж тоглолт зохион байгуулж ирснийг манай үзэгчид анзаарч эхэлсэн байх. Ер нь энэ үйл ажиллагаа үзэгчдэд хүлээлт үүсгэдэг болж дээ гэдэг нь анзаарагддаг юм. Танил тал, найз нөхөд, сошиал ертөнцийн хүрээнд ч гэсэн “танай нөгөө өдрүүд хэзээ зохион байгуулагдах вэ?”, “тэр үер ямар ямар уран бүтээл тоглогдох вэ?” гэсэн эрэлт, хүлээлт их болжээ. Бид дэлхийн алдартай сонгодог бүтээл ч юм уу, эсвэл шинэ орчин цаг үед хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэлэг бүтээлийг орчуулаад урын сангаа баяжуулаад үзэгчдийн хүртээл болгож байх нэг талын урын сангийн бодлого чиглэлийг баримтлахаас гадна түүх, соёл, өв уламжлалыг хадгалж, энэ даяаршсан ертөнцөд өөрөө өөрийгөө хадгалж үлдэж авч чадах нэг гол гарц боломж болсон үндэсний бүтээлүүдээр урын сангаа баяжуулахыг бас нэг зорилго чиглэлээ болгодог юм. Тийм ч учраас бид “Түүхэн жүжгийн өдрүүд”-тэй болъё гэж шийдсэн юм. Манай театрын тайзнаа энэ цаг үед тоглогдож байгаа эдгээр түүхэн бүтээлийг үзээд гарсан үзэгчид хэн боловч ямар ч байсан нэгийг бодож хоёрыг тунгаагаад, санаж сэрээд гардаг гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Тиймгүйсэн бол бид өнөөдөр олон нийтээс ийм хүлээлт, эрэлтийг харахгүй л байсан байх л даа.
-Театрын үнэнч үзэгчид арваннэгдүгээр сарыг, “Ромео Жульетта”-г тэсэн ядан хүлээж байна.
-Театрын өвөл цагийн нээлт гэдэг бол бидний хувьд төдийгүй театрын урлагийг эрхмэлэн дээдлэдэг үзэгч олны хувьд хүсэн хүлээдэг баярт үйл ажиллагаа байдаг. Жил бүр өвөл цагийн үзвэрийн жилийн нээлтээрээ бид шинэлэг бүтээлтэйгээр үзэгч олонтойгоо уулзахыг эрхэм зорилгоо болгодог. Энэ жил алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” дэлхийн сонгодог бүтээлийг тайзнаа шинээр бүтээн туурвихаар хамт олон маань уйгагүй ажиллаж байна.
.