Эх орон, газар нутаг, эцэг эх, гэр бүл, хайр дурлал энэ бүхнээс аль нь хамгийн үнэ цэнэтэй вэ? Аав, ээжийнхээ алинд нь илүү хайртай вэ гэж асуухад бяцхан үрс тээнэгэлзэн хариулдагтай л ижил харицуулж боломгүй зүйлс нь энэ байх.
Тэгвэл суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийн гол баатар ийм сонголтын өмнө толгой гудайлган “Уйлахаас өөрийг чадахгүй байна би” хэмээн гутардаг ч эцсийн мөчид эх орноосоо ч урвалгүй, хайртай залуугаа ч орхилгүй хамтдаа энх амгалангийн орныг зорьдог. Эмгэнэлтэй сонсогдож байж мэдэх ч Радамес, Аида хоёрын хайр тийм их хүчтэй, мөнхийн юм. Египетийн хааны гүнж Амнерисийн сүрдүүлэг, ятгалгыг үл тоон Радамес дайсныхаа охин Аидад чин сэтгэлээсээ дурлачихсан. Этиопийн хааны довтолгоог зогсоосныхоо хариуд ч бас тэр эзэн хаанаасаа зөвхөн “Олзлогдсон хүмүүс буюу Аидагийн ахан дүүс, аавыг өршөөхийг хүссэн”. Энэ чин сэтгэл нь эцэст нь эрэлхэг баатар Радамесыг урвагч болгож, амьдаараа булшлуулах аймшигтай шийтгэл хүртээнэ. Дурлалт бүсгүй нь түүнийг ганцаардуулахгүйн тулд холын замыг хамт туулахаар шийдсэн юм.
Энэ амралтын өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрын 53 дахь үзвэрийн улирлын нээлт боллоо. Дөрвөн жилийн өмнө Монголын үзэгчдийн хүртээл болсон, нүсэр бүрэлдэхүүнтэй, алдарт дуурь “Аида”-гаар хүрэн хөшгөө нээж, сонгодог урлагт хайртай үзэгч, сонсогчдоо ирэх жилийн долдугаар сар хүртэл баярлуулахаар ажлаа эхлүүллээ. Энэ театр бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг. Долоо хоногт хоёр удаа тоглож байгаа хэдий ч 500 үзэгчийн суудалтай танхим нь хоосон байх нь үгүй. Тэр чинээгээр үзэгчид дэлхийн болон үндэсний сонгодгуудтай танилцаж, сэтгэлийн таашаал эдэлдэг.
“Аида” дуурийн гол дүрд бямба гаригт гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулсан бол ням гаригт Ш.Наранчимэг гоцлох хуваарьтай байсан. Аидагийн дурлалт залуу Радамест залуу дуучин Э.Гомбо-Очир, Египетийн хааны гүнж Амнерист Р.Доржхорлоо, Этиопийн хаан Аманасрод Ч.Энхтайван дуулав. Бямба гаригийн үдэш 17.00 цагт эхэлсэн дуурь гурван цаг гаруй үргэлжилж дууссан боловч үзэгчид огт чилээрхэлгүй, харин ч гол дүрийн дуучдын гайхамшигтай хоолойд талархан, алга ташилтаар урам хайрлаж байсан юм. Найрал дуу, ордны бүжиг, тулааны дараах ялалтын жагсаал зэрэг олныг хамарсан тоглолт ихтэй энэ дуурьт 200 гаруй уран бүтээлч оролцдог.
Академич Б.В.Асафьев “Дуурийн урлагийн түүхэн дэх хамгийн гайхагдсан урам зоригтой бүтээлүүдийн нэг байлаа” хэмээн үнэлж байсныг энэ дашрамд дуулгая. Суэцийн сувгийн нээлтийн өмнө Египетийн засгийн газраас Ж.Вердид захиалга өгч энэ дуурийг бичүүлсэн түүхтэй.
Нэгэн эх сурвалжид “Аида” дуурийн бичсэнийх нь төлөө Ж.Вердид 1830-аад онд 30000 доллар өгөхөөр тохиролцож, тэр ч бүү хэл ямар ч хэлцэл, болзолгүйгээр 15000 доллар шууд урьдчилгаа болгон өгснийг тэмдэглэсэн байна.
Ийнхүү дэлхийн сод бүтээл анх удаа 1871 онд зул сарын баярын өмнөхөн Каирт эгшиглэсэн түүхтэй. “Аида” дуурийн анхны тоглолтод дэлхийн олон орны ихэс дээдсүүд хүрэлцэн очсон бөгөөд харин хөгжмийн зохиолч нь л үзээгүй гэдэг. Анхны тоглолтоос 46 хоногийн дараа Италийн Миланд “Аида”-г тоглосон байна.
Энэ жил ДБЭТ дэлхийн сонгодгуудыг онцлон нээлтийнхээ үеэр тоглож буй. Ирэх бямба, ням гаригт П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг тоглоно. Гол дүрд нь энэ цагийн алдарт хун, ханхүү болох гавьяат жүжигчин Ч.Ганчимэг болон О.Ганцоож, Б.Саруул, М.Од нар бүжиглэнэ.