Найруулагч О.Бат-Өлзийгийн шинэ уран бүтээл “Маш нууц” уран сайхны кино хөдөө орон нутагт гарч эхэлжээ. Есдүгээр сарын 18-нд кино театруудын өмнөх талбайд цэргийн хувцастай залуусын багахан хэмжээний жагсаал хийж, киногоо нээж байсан бол уржигдраас Дарханы “Соёмбо”, Эрдэнэтийн “Горняк”-т гарч эхэлжээ. “JIIJ”, “Фантастик”, “Red hero” студийн хамтын бүтээлийг Дархан, Эрдэнэтийнхэн аравдугаар сарын 4 хүртэл хүлээн авч үзэх боломжтой.
Түүнчлэн энэ киноны зарим уран бүтээлч Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар өчигдөр замдаа гарсан байна.
1980-аад онд болсон бодит үйл явдлаас сэдэвлэн цэргийн амьдрал, үнэнч нөхөрлөл, хайр дурлалыг дэлгэцэнд мөнхөлсөн энэ бүтээл мэргэжил нэгтнүүдээсээ төдийгүй үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа билээ.