Хоёр дахь дугаараа үзэгчдийн хүртээл болгоод байгаа “Монгол HD” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж байгаа. Нэвтрүүлэг гарахтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд оролцогчидтой холбоотой сэтгэгдэл түгэж, удалгүй бичлэгийг нь тарааж буй.
Энэ шоуны шүүгчдийн нэг нь нэвтрүүлэгч С.Чимгээ. Хөтлөгч бүсгүйг энэ шоуг шүүж чадах эсэхэд эргэлзэж байсан хүн олон. Гэсэн ч түүний найрсаг яриа, чин сэтгэлийн зөвлөгөө оролцогчдод дэм болж буй.
Тэгвэл түүний мэргэжил нэгт нөхөр, ангийн найз Ч.Ичинхорлоо ч бас шүүгч болоод амжлаа. Тэрбээр ирэх долоо хоногт UBS телевизээр гарах “My voice” олон улсын эстрад дуу дуулаачдын гуравдугаар наадмын шүүгчээр ажиллаж буй. Энэ уралдааны оролцогчид соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын дуунуудаас сонгон дуулж өрсөлдөх юм байна. Хятад, солонгос, орос, америк хүмүүс ч монгол дуу дуулж өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Эл наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад 300 гаруй хүн оролцсон байна.