Киноны найруулагч, жүжигчдийн нэр л олон түмэнд түгдэгээс биш, арын албаныхан ардаа л хоцордог нь жаахан харамсалтай санагддаг юм.
Үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон киноны зураглаачаар ажиллаж, амьдралаа энэ урлагт зориулсан, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Зундуй зураглаачийг ч би мэдэхгүй явсаар, мэргэжил нэгтгнээс нь сая дуулж, уулзлаа.
“Загасчны морь усгүй гэгчээр, өчнөөн олон киноны үеэр бусдын зургийг авч өгсөн хэрнээ өөрийнхийгөө дурсгал болгон үлдээсэн нь ховор” хэмээсэн түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны амьдралын хувьд түүхэн гэмээр үйл явдлуудаас яриагаа эхлэх үү?
-Зураглаачийн мэргэжил эзэмших надад амаргүй даваа байсан. Би их урт зам туулсан. Товч ярьж өгөх үү. Намайг таван настайд аав минь өөд болж, ээж, хэдэн дүүтэйгээ хоцорсон юм. 10 нас хүрч байж, Говь-Алтайн Тайшир сумын бага сургуульд орсон. Ээждээ туслах санаатай тоосго цохих, геологийн хайгуулын ангийнханд газар ухаж өгөх зэрэг хар бор ажил багаасаа хийсэн. Намайг зураглаач болоход үеэл ах Чойжил минь их нөлөөлсөн.
Ах долдугаар баазын намын үүрийн дарга байсан болохоор хөгжим, гэрэл зургийн аппарат хариуцна. Би түүгээр нь наймдугаар ангиасаа зураг авч сурсан. Химийн хичээл орж байхад Говь-Алтайн тухай “Хөглөг Алтайн бараа” кино хийх багийнхан ирж зураг авсан. Тэгэхэд л киноны мэргэжилтэй болохыг хүссэн юм. Аймгийн Соёлын ордныхон бусад албан байгууллагуудын улаан буланд кино гаргадаг байлаа. Киноны олон хальсыг нь зөөж өгөөд, оронд нь үнэгүй кино үзчихнэ.
Тэгж механиктай танилцаж, аппаратыг нь цэнэглэж сурсан. Ангийн багш Арвижих намайг их дэмждэг, зураглаачийн ангийн хуваарь сургуульд ирвэл чамд л өгнө гэдэг байлаа. Химийн багш учир зурганд хэрхэн хөх, хүрэн өнгө оруулахыг зааж өгсөн. Тэр бүр олддоггүй зураглаачийн ангийн хуваарь наймдугаар ангид байхад ирж, Лхагва гэдэг хүүхэд авсныг их тод санадаг юм. Намайг төгсөхөд зураглаачийн ангийн хуваарь ирээгүй тул багш Эрхүү рүү геологийн сургуульд явуулах гэсэн.
Геологичдын ажил надад уйтгартай санагдаж их дургүй байлаа. МУИС-ийн англи хэлний ангийн хуваарь ганц ирсэнийг багш бусадтайгаа булаацалдан байж надад өгсөн. Даанч би хот орох унааны ая харсаар есдүгээр сарын 8-нд сургуульдаа очтол хүүхдүүдээ аль хэдийнэ элсүүлээд, сангийн аж ахуй руу явуулчихаж. Тэр жил МУИС англи, франц хэлний ангид анх удаа элсэлт авч, 30 хуваарьт 150 хүүхэд өрсөлдсөн юм билээ.
Хариуцсан хүнтэй нь уулзаж, учраа хэлэхэд Куба явж, испани хэл суралцах хуваарь санал болгож байх юм. Даанч есөн жил сурч, гурван жилд нэг удаа Монголдоо ирэх учиртай. Хурдхан сургуулиа төгсөж, ижийдээ нэмэр болох эрмэлзэлтэйгээ хэлтэл “Чи сургууль голдоггүй юм” гээд хөөсөн. Ямар ч байсан буцахгүй гээд хотод агент хийдэг авга ах Дэмчигийндээ суулаа. Тэднийд амралтын өдөр зочид их цуглана. Сонсоод байх нь ээ, зураглаач бололтой, Махгал гэж хүн ирж. Түүнээс лавлахад “Кино үйлдвэрт хоёр, гурван жил туслахаар ажилласан хүмүүсийг шалгалтад оруулж Орост мэргэжлээр нь сургадаг.
Угаасаа Монголд ийм мэргэжлээр сургадаггүй” гэж байна. Та намайг ажилд оруулж өгч чадах уу гэхэд халамцуу учир чадна л гэнэ. Заавал аравдугаар анги төгссөн байх ёстой юм билээ. Ингээд хувийн хэргээ авахаар буцаад МУИС орсон. Сургуульд орж чадаагүй нутгийн хүүхдүүдтэй тааралдлаа. Жолооч болох гээд хувийн хэргээ авъя гэсэн хүүд өгөхгүй хэрнээ Политехникумд орно гэсэнд нь өгч байна гэж дуулсан юм. “Политехникумд орохоор боллоо. Хувийн хэргээ авъя” гэж нэг хүүхэдтэй орлоо. “Өчнөөн дээд сургууль байхад яагаад техникумд орох гэдэг юм. Энэ хоёрын хувийн хэргийг Политехникумд хүргэж өг” гэж хариуцсан хүн нь нэгэндээ даалгадаг юм байна.
Баларлаа, өнөөх нь хоёр халаасандаа нэг нэгээр нь хийчихлээ. Булаая гэж нөгөө хүүтэйгээ ярилцаад авах гэтэл би баригдчихсан. Ингээд миний хувийн хэргийг нутаг буцаалаа. Цуг өссөн ах дунд сургуулийн маань захирлын хүргэн дүү учир миний хувийн хэргийг түвэггүй эргүүлж явуулсан. Кино үйлдвэрт орох гэтэл орон тоо байсангүй. Ахынд очсон бас нэг хүн намайг 20 дугаар сургуульд багшаар оруулав. Сурганы Бор нэрээр алдартай, Боловсролын хүрээлэнд том алба хашдаг хүн багш нарын ажил үе үе шалгадаг байлаа. Хичээл зааж байхад хойно сууж, намайг давгүй гэж үнэлжээ.
Хавар дахин шалгалт авч, хичээлд суухад нь би сандарч тоо буруу бодоод сурагчаараа засаж хэлүүлсэн. “За одоо л халагдах нь дээ. Эндээс яаж гарна даа гэж байсан ч хөөгдөх муухай юм даа” гэж бодлоо. Бор гуай намайг дуудаад “Чи сайн багш болох байх. Энэ хүүхдэд Багшийн их сургуулийн хуваарь өг” гэж захиралд даалгасан. Зураг хөдөлмөрийн ангийн хуваарь өгснийг нь халааслаад 20 дугаар сургуулиас гарсан даа.
Хуваариа Говь-Алтайн хүүхдэд өгсөн. Ахынд бас нэгэн эхнэр нөхөр ирсэн нь Соёлын яамны орлогч сайд байсан Ч.Лодойдамба, ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай. Манай хамаатан юм билээ. Учир явдлаа хэлтэл Ч.Лодойдамба гуай “Киноны мэргэжил эзэмших хүсэлтэй хүүхэд юм байна. Шалгалт өгөх хүмүүстэй хамт оруул. Хуваарьтай хүмүүс нь хасагдаж, энэ хүү тэнцвэл сургуульд явуулаарай” гэх утгатай бичиг хийж өгсөн.
Миний шалгалтын дүн давгүй гарсан ч өнөө хүн нь явсан. Ингээд Кино үйлдвэрт зураглаачийн туслахаар орж, “Хүний мөр”, “Үер”, “Өндөр ээж”, “Талын цуурай”, “Хүргэн хүү”-д ассистент зураглаачаар ажиллаад зургаан жилийн дараа Орос руу сургуульд явсан даа.
-Гурван жил ажилласан хүнийг гадаадад сургадаг гэж та түрүүн хэлсэн. Яагаад тийм удаж байж ВГИК явсан юм бэ?
-Кино үйлдвэрийн зургийн дарга, нягтлан бодогчийн хүүхэд гээд надаас хэдэн жилээр хойно Кино үйлдвэрт орсон хүмүүс ар, өврийн хаалгаар урдуур орчихно. Шалгалт авах үед би дандаа хөдөө зураг авч таардаг. 28 нас хүрвэл гадаадад сургуульд явуулдаггүй журамтай байлаа. Яг 28 хүрэхийн өмнөхөн хуваарь ирэхэд надаас хэдэн жилийн хойно ажилд орсон, Техникийн цехэд аппаратны техникч хийдэг хүнийг шалгалтад оруулах гэсэн.
Би уран сайхны удирдагч Доржпалам гуайн өрөөнд давхиж ороод “Намайг яагаад явуулдаггүй юм бэ. Миний сургуульд явах нас хэтэрлээ. Ингээд байвал яам тамгын газарт хөөцөлдөж, шалгалт өгнө” гэхэд “Чамайг найруулагч болгох гэсэн юм” гээд найруулагчийн хуваарьт хоёр хүн өрсөлдөж байгаа дээр нэмчихсэн. Ингээд шалгалт өгөхөд би хамгийн дээд оноог авсан.
Москвад очингуутаа тэнд сурч байсан, Юндэндорж, Гоош нараар хэлмэрчлүүлж, Зураглаачийн тэнхмийн эрхлэгч А.Д.Головнятай уулзаж, “Би зургаан жил зураглаачийн туслах хийсэн. Зураглаач болох мөрөөдөлтэй” гэхэд зураглаачийн ангид элсүүлэх шалгалт авч, би тэнцсэн.
-Олон боломжоос татгалзан байж зорьсон ангидаа ороход ямар байв. Зургаан жил ажиллахдаа сурснаасаа илүүг, хүсэн хүлээсэн мэдлэгээ олж авч чадсан уу?
-Тэнд хамгийн гол зүйлийг, онолын мэдлэг авсан. Шалгалтандаа тэнцээгүй хүүхдүүд МГУ-д нэг жил хэлний бэлтгэлд сурч, тэр хоорондоо сургуульдаа долоо хоногт нэг ирж авсан зургуудаа шалгуулдаг байсан. Би хэлний бэлтгэлд суръя гэхэд Монголын анхны зураглаачдыг бэлтгэсэн В.И.Волчек багш “Энэ мэргэжилд хэл тийм ч чухал биш. Чиний идэвх зүтгэл хэрэгтэй” гэсэн. Эхний хагас жил юу ч ойлгохгүй, бараг буцдаг юм бил үү, яах гэж оров доо гэж шантарсан.
Орос хэлний хичээл ордог ч, манай ангийн гадаад оюутнууд хэлний бэлтгэлд суусан учир дүрэм аль хэдийнэ үзчихсэн. Би Дамдинсүрэн гуайн Орос-Монгол үгийн толийг орой нь уншина. Бүх үгийг нь мэдээд байгаа ч нийлүүлж ойлгож чадахгүй.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр гуравдугаар дамжаанд орсон жилээ хэлний бэлтгэлд сурсан хүүхдүүдээс орос хэлэндээ илүү сайн болсон. Мэргэжлийн хичээлд гэрэл зургийн аппаратны ажиллагаа заана. Гэтэл би аль хэдийнэ задлаад, засдаг байсан учир онц авдаг байлаа.
-Монголдоо ирээд хамгийн анх ямар кинонд ажилласан бэ?
-Оюутны амралтаар ирээд кинонд явдаг байлаа. Кино үйлдвэрт ажиллаж байгаад сургуульд явсан хүмүүсийн жишгээр дипломынхоо ажлыг эндээ хийсэн. Дээхнэ үед Кино үйлдвэрт хийсэн сайн гэгддэг кинонууд бүгд зураглаачийн ангийн оюутнуудын дипломын ажил байсан. Тухайлбал, “Энэ хүүхнүүд үү” Дамдингийн, “Нүгэл буян” Цэнджавын, “Төөрсөөр төрөлдөө” Баттулгын, “Их говийн айл” баримтат кино миний дипломын ажил.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбо найруулагчийн тэр кино Чехийн Карловы Варын олон улсын кино наадмаас мөнгөн медаль авч байлаа. “Оскар”-т нэр дэвшсэн “Ингэн нулимс” кинонд тэмээ уйлуулснаараа гадаадынхныг гайхашруулсан юм билээ. Бидний цаг үед барууны ертөнц хаалттай болохоор үзэгчдэд хүрээгүй болохоос биш, Гомбо найруулагчийн тэр кинонд хамгийн анх хуурдаж тэмээ уйлуулж байлаа.
Бие даан ажилласан хамгийн анхны уран сайхны кино бол “Хонины найр”. Намайг дипломоо хамгаалах үед Москвад Монголын соёлын өдөр зохион байгуулж, манайхнаас олон хүн очжээ. Тэнд Шукар буюу Д.Чимэд-Осор гуай таарч “Хийх киноныхоо бэлтгэлээ базаачихаад, чамайг л хүлээж байна. Малчны тухай кино учир мал мэддэгээр нь чамайг сонгосон. Намайг зургандаа гар гэж хөөгөөд байна. Чи хурдан ирээрэй” гэсэн.
Би дипломоо хамгаалчихаад Москвагаар долоо хоног зугаалаад очтол Чимэд-Осор гуай манайд суучихсан “Яадаг муу хижиг вэ. Кино үйлдвэрт чамаас болж очиж чадахаа байлаа” гэсээр угтсан. “Үер” кинонд зураглаачийн туслахаар ажиллаж байхдаа ВГИК-гийн оюутан, дадлага хийж байсан Г.Жигжидсүрэнтэй танилцсан. Тэрбээр “Хоёулаа кино хийнэ” гэхэд нь сайхан үлгэр ярьж байна даа гэж бодож байлаа. Нэг мэдэх нь ээ, тэр яриа биелж, “Суварган цэнхэр уулс”-ыг хамтарч хийсэн. Дараа нь Жигжид гуай “Орчин үеийн сэдэвт инээдмийн кино хийнэ.
Залуу хүнтэй ажиллана, чи хэрэгтэй” гэхэд нь айх, баярлах зэрэгцэж билээ. Аргагүй шүү дээ, Монголын бүх зураглаач, миний багш Дүйнхэр хүртэл түүний туслах байсан шүү дээ. Ийн “Өнөр бүл”-д ажилласныхаа дараа “Нарны унага”, “Фронтод явах өргөдөл”-ийн зургийг авч, нийтдээ хальсны 22 кино хийсэн. Орчин үеийн камераар авсантай нь тооцвол 28 кинонд ажиллажээ.
Уран сайхны кино студийн захирлын алба хоёр жил хашиж, МУИС-д “Авай” кино студи байгуулахад оролцсон. Автын осолд орж, группт орсныхоо дараа КУДС, “Харцага”, “Зохиомж” дээд сургуульд 18 жил багшилжээ.
-Зураглаач байгаад найруулагч болсон хүн олон бий. Танд найруулагч болох боломж олдсон. Найруулагч болох бодол төрж байгаагүй юм уу?
-Монголын уран сайхны киноны түүхэнд Д.Жигжид, Х.Дамдин, Б.Балжинням нарын найруулагч анх зураглаач байсан юм. Би багынхаа мөрөөдлийг л биелүүлье гэж бодсон. Тэгээд ч дэлгэцийн урлагийн эцэг нь зураглаач. Хэрвээ зураглалгүй бол кино, телевиз байхгүй. Дэлгэцэнд хөдөлгөөнт дүрс анх үзүүлсэн ах дүү Льюмер бол анхны зураглаачид шүү дээ.
-Өдөр тутам ижил шахам ажил хийдэг хүмүүс зарим үед үүргээ ял мэт хүлээн авч, дуртай, дургүй гүйцэтгэдэг. Уран бүтээлчдэд ажлаа ял мэт хийх тохиолдол байдаг уу?
-Кино найруулагч, зураач, зохиолч, арын албаныхан цөм нэг бүтээлийн төлөө ажиллаж байгаа ч эцсийн үр дүн нь зураглаачийн хөдөлмөртэй хамааралтай. Тиймээс зураглаач бусдаас арай илүү ял үүрдэг тул хариуцлагатай байж, илүү хөдөлмөрлөх ёстой. Зураглаачид мэдэхгүй юмгүй, мэддэг юмгүй хүмүүс. Тухайлбал, уран бүтээлчдэд гэрэлтүүлэг, хальс, хор угаах техник хамаагүй.
Тиймээс ч найруулагчдаас зураглаач болсон хүн байдаггүй. Гэтэл тэр гэрэл, хальс, техникийн хүчээр бид дэлгэцэн дээр зураг зурдаг. Энэ утгаар зураачийн хөдөлмөртэй биднийх ойролцоо. Тиймээс ч уран зураг уншиж, онолынх нь үндсийг мэдэхгүйгээр зураглаач болж чадахгүй.
-Кино бүтээхэд танд хамгийн хүндрэлтэй нь юу байв?
-Оюуны хөдөлмөр гэдэг утгаараа амархан юм байхгүй. Үйлдвэрлэлийн талаас тайлбарлахад түүхэн, дайн байлдааны сэдэвтэй, олон хүн оролцсон кино, өвлийн зураг авах их хэцүү. Монголд кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчид их уулзаж байна. Монголчуудын бие дааж хийсэн байлдаантай, олон хүн оролцсон хамгийн анхны кино нь Жигжидсүрэн бидний ажилласан “Зарлаагүй дайны оршил” гэж уран бүтээлчид ярьж байна лээ.
“Говь хянганд тулалдсан нь”, “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо”-г оросуудтай хамтран хийсэн байдаг. Бид Халх голд зургаа авч, 24 дүгээр отрядын цэргүүдийг оролцуулж, тэсэрч дэлбэрэх бодис ашигласан түүхтэй. Халх гол үерлэж, гүүр урсаад Эрдэнэтийн аврагчид хөвдөг гүүр авчирч байлаа. Тэр киноны үеэр тэслэгч бодист цэрэг өртөн, агаарт хөөрч байсан.
Тэслэгч бодис байрлуулсан газраа цагаан туг хатгаж, тойрч явахыг сануулсан юм. Гэтэл хоёр цэрэг өртөж, агаарт хөөрсөн нь камерт бичигдсэн байдаг. Нэгнийх нь нүүр элсэнд зулгарч, хожим цоохортсон бол нөгөөх нь даринд түлэгдэж сорвитой болсон. Шинэхэн гутлынх нь ул зад үсэрсэн байдаг. Хэрвээ хүний амь эрсэдсэн бол бид юун кино хийх, дээлээ нөмрөөд “аавынд” очих байсан. Тухайн үед Монгол, Хятадын харилцаа сайнгүй тул хил рүү ойртож болохгүй байлаа. Шөнөжин зураг авахад хятадууд юун гэрэл вэ гэж гайхаж, хил нэвтрэх нь гэж түргэн авсан.
-Ажлын үеэр уран бүтээлчидтэй ам зөрж байв уу?
-Хамгийн том атаман, хамгийн их айдаг хүнтэйгээ муудаж байлаа. Жигжид найруулагч 26 настайдаа “Цогт тайж” кинонд зураглаачаар ажиллаж урлагийн гавьяат зүтгэлтэн болсон, мэргэжлийн сургуульд сураагүй, орос зураглаач дагалдаж оператор болсон хүн. Зохиомж, гэрэл, жүжигчний байдал гээд бүгдийг мэддэг, бурхнаас заяасан авьяастай хүн. Түүний өмнөөс хэн ч үг хэлдэггүй, Кино үйлдвэрийнхэнд үг нь хууль гэсэн үг.
Гэхдээ надаас өмнө Балжинням “Жаргал даахгүйн зовлон” кинонд хамт ажиллаж байхдаа түүнтэй үг зөрж байсан юм билээ. “Өнөр бүл” кинонд Хүнсний 20 дугаар дэлгүүрийн автобусны буудалд Цэрмаагийн гутлын ул салдаг хэсгийн зургийг бид авч байсан юм. Гэтэл Жигжид гуай миний камерыг булаагаад давхичихлаа. Би ч бас өөрийнхөөрөө зураг авахыг хүснэ биз дээ. Зураг авах цэг сонгохдоо санал зөрөөд байхаар нь “Тэгвэл өөрөө ав” гээд орхиод явахад хойноос “Тэр чигээрээ зайл” гэх нь дуулдсан. Залуу байхад их шартай байж дээ.
Би ч хөөгдөх нь ойлгомжтой гээд телевизэд ажиллахаар хүмүүстэй нь ярилцсан. Кино үйлдвэрээс дуудахгүй долоо хоносны дараа хоёрдугаар найруулагчаар нь ажилласан Ичинноров “Жигжид гуай чамайг дуудаж байна” гэсээр ирсэн. “Хөөж л байна биз. Явлаа гэж хэлээд бичиг баримтаа аваад явах юм шүү” гэж дотроо үгээ бэлтгээд очтол “Хүүхээ, маргааш натурт зургаа авна. Нөгөөхөө намар ирээд л авъя” гэж юу ч болоогүй юм шиг хэлэхэд нь өөрийн эрхгүй нулимс урссан.
Түүнээс хойш Жигжид гуай надтай нэг ч удаа камер булаацалдаагүй “За одоо яах вэ, хүүхээ” л гээд байсан. Дууссаны дараа “Чи их юм сурсан хүүхэд байна. Баярлалаа” гэсэн. Хожим Биндэр хүү нь ВГИК-д суралцахад “За хүүгээ чамд дагалдангаар өглөө. Сайн зарж, юм сургана шүү” гэж даатгаж билээ.
-Та одоо кинонд ажилламаар байна уу?
-Хүний хүсэл дуусахгүй шүү дээ. Даанч санаа байвч сачий хүрэхгүй юм даа. Цаг үе өөрчлөгдөж, би ч 70 нас гарлаа. Залуу уран бүтээлчид хамт ажиллаач гэдэг. Бараа болж явахад яах вэ дээ. Биеийн хүч шаардах тул би дийлэхгүй шүү дээ. Би босоо, суугаагийн завсар байрлалаас зураг авдаг арга барилтай. Хүний тэр бүр хардаггүй өнцгөөс зураг авахад их өвөрмөц болдог юм.
Тэгэхэд хөл их өвдөнө. Уг нь одооны камер бидний үеийнхээс хөнгөхөн, томхон хул шиг хэмжээтэй. Саяхан хөдөө явахдаа уулан дээрээс зураг авсан ч буцаж буухдаа хүнээр түшүүлсэн.
Б.ДӨЛГӨӨН