Монголчууд бид их азтай. Сонгодог урлаг, ардын урлаг, театр гээд урлагийн бүх сор бүтээлийг сонордон үзэх боломжтой гайхамшигт орднууд болон мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид нь үзэгчдээ баярлуулахаар үргэлж бэлэн байдаг нь үүний илэрхийлэл юм.
Энэ жил Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Гаэтано Доницеттигийн “Лючия ди Ламмермур” дуурийг үзэгчдийн хүртээл болгох гээд ажиллаж байна. Монголчууд өмнө италийн суут хөгжмийн зохиолчидтой “Аида”, “Тоска”, “Травиата”, “Трубадур”-аар танилцаж хэдийнээ танил болсон бол өдгөө Г.Доницеттитэй учран золгох нь. Түүний бүтээлийг тоглоогүй бол дэлхийн хэмжээний, том театр гэж нэрлэгдэх нь үгүй. Ялангуяа Европийн бүх л театр “Лючия ди Ламмермур”-ыг тоглодог.
Дэлхийн хамгийн алдартай суут 10 хөгжмийн зохиолчийн наймынх нь бүтээлийг Монголын уран бүтээлчид тоглодог байсан бол Г.Доницетти ес дэх нь болох юм.
Энэ дуурийг БНСУ-ын найруулагч Ан Ху Вон найруулж буй бол гол дүрд нь гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Амартүвшин, ДБЭТ-ын гоцлооч Э.Гомбо-Очир, Н.Батжаргал нар дуулахаар зэхэж буй.
Сонирхолтой энэ дуурь нь зөвхөн Монголд тоглоод зогсохгүй, тус театрын симфони найрал хөгжимчид дөрвөн дуучны хамт арваннэгдүгээр сард БНСУ-д “Лючия ди Ламмермур”-ыг тоглох юм билээ. Хоёр улсын уран бүтээлчдийн хамтын уран бүтээлийг улам тодруулах бүтээлтэй аравдугаар сарын 17-нд танилцаарай.