Алдарт Карнеги холл, Кремлийн ордон, Мариинский театр түүний хувьд зөвхөн мөрөөдөл байхаа болилоо. Сонгодог урлагийн хамгийн том уралдааны гран приг хүртсэнээс нь хойших амжилтын буухиа, алдарт удирдаач В.Гергиевтэй дөрөө харшуулсан тоглолтуудынх нь тухай мэдээллийг дамжуулж ч амжаагүй байтал дараагийн сайхан мэдээ сонстох болов. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Мариинскийд данстай болжээ. Монгол дуучдаас энэ театрын албан ёсны дуучин болсон анхны хүн нь тэр байх.
Түүнтэй холбогдож энэ тухай тодруулахад "Улаан-Үдийн театр болон Мариинскийд аль алинд нь харъяалагдана" гэж хариулсан юм.
Энэ оны зургадугаар сард болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны гран при шагналыг түүнд гардуулсан алдарт удирдаач В.Гергиев бол Мариинский театрын ерөнхий захирал, уран сайхны удирдагч нь юм.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил М.Глинкийн нэрэмжит уралдааны хоёрдугаар байрын шагнал хүртсэн дуучин Ч.Бадрал энэ театрын залуусын буюу подгруппт уригдсан тухайгаа ярьж байсан удаатай.