“Aurora film”-ийн захирал, ерөнхий найруулагч Б.Чингүүнтэй ярилцлаа.
-Эрдэнэт хотын тухай олон ангит кино хийх болсон гэсэн. Энэ тухай ярихгүй юу?
-Энэ жил Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулан телевизийн олон ангит кино хийхээр бэлтгэл ажлаа бараг дууссан.
-Кино хэчнээн ангитай байх вэ. Бас нэрнийх нь талаар?
-20 ангитай хийхээр төлөвлөж, зохиол гарсан. Кино “Эрдэнэсийн эрэлд” нэртэй. Киног үзсэний дараа нэрний утга учир тайлагдана.
-Зураг авах ажил хэзээнээс эхлэх бол?
-Ирэх аравдугаар сард эхэлнэ. Арванхоёрдугаар сар гэхэд зураг авч дууссан байхаар төлөвлөсөн.
-Кинонд Орхон аймгийн уран бүтээлчдээс оролцох уу?
-Тэгэлгүй яах вэ. Ерөнхий найруулагчаар миний бие, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл ажиллана.
-Гол дүрүүдээ сонгон шалгаруулсан уу. Уншигчдад сонирхолтой байх?
-Яг одоо дүрүүдийн шалгаруулалт ид явагдаж байна. Шалгаруулалт Орхон аймагт явагдаж байгаа учраас ихэвчлэн тэндхийн уран бүтээлчид өрсөлдөж байна.
-Богино хэмжээний киногоор гараагаа эхэлсэн ч хэд хэдэн бүрэн хэмжээний уран сайхны кино найруулаад амжсан. Одоо олон ангит кинонд ажиллах гэж байна. Ялгаа нь анзаарагдаж байна уу?
-Өөрийгөө олон зүйлд сорьж үзэж байна. Би реклам, клип ч хийж байсан. Хэд хэдэн богино, бүрэн хэмжээний кинотой болоод байна. Мэдээж ялгаа байгаа. Гэхдээ үзээд л алдах хэрэгтэй.
-Залуу уран бүтээлчид тулгарах асуудал мундахгүй байх. Кино бүтээх хөрөнгө санхүүгийн асуудал нэлээд байх шиг харагддаг. Энэ удаа хэрхэн шийдэв?
-Хамгийн том асуудал бол хөрөнгө санхүүгийн асуудал. Урлаг ойлгодог хүмүүсийн дэмжлэг тусламжаар уран бүтээлээ хийж байна. Энэ киноны саналыг Орхон аймгаас надад тавьсан. Тийм учраас санхүүгийн асуудлыг тэндээс бүрэн шийдвэрлэнэ.
А.ХАЛИУН