Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд анх зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам” хоёр дахь удаагаа болох гэж байна. МСНЭ, “MGL media group” хамтран аравдугаар сарын 16, 17-нд зохион байгуулах энэхүү урлагийн их наадамд нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, холбоодын ажилтнууд оролцох эрхтэй аж. Тэд Монголын сэтгүүлзүйн салбарын үүсэл хөгжлийн тухай үзүүлсэн багийн мэндчилгээнээс гадна дуу, бүжиг, уран уншлага, хөгжим, ардын урлаг гэсэн төрлүүдээр I-III байрын төлөө өрсөлдөх юм. Түүнчлэн энэ жилээс эхлэн уг наадмыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дэмжин оролцохоор болсон бөгөөд сайдын нэрэмжит Гран При шагналт нэг оролцогчийг тодруулж байхаар болжээ.
Наадамд оролцогчдыг МСНЭ-ийн төв байранд аравдугаар сарын 1 хүртэл бүртгэж, шалгаруулалт 16-нд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд болох юм байна. Харин шилдэг оролцогчдын гала тоглолт аравдугаар сарын 17-нд “Улаанбаатар” чуулгын байранд болно.