Соёл, урлагийн салбарынхан их өрөвдөлтэй улс юм аа. Мэргэжлийн урлагийн байгууллагынхан нь төрийн үйлчилгээний албан хаагч гэдгээрээ хамгийн бага цалин авч, харин зарим байгууллага нь төсвөөс татаас авдгаасаа болж адлагдана.
Ийн гадуурхагдсаар сүүлдээ байрыг нь хувьчилж, эсвэл менежментийн гэрээ гээчийг байгуулснаар уран бүтээлчид нь олноороо хохирч үлддэг. Харамсалтай тэд хэний ч өмнөөс амьдраагүй болохоор өөрөө өөрийнхөө авьяасыг борлуулж, тэмцэж амьдрах шаардлагатай болдог.
Хүүхэд залуучуудын театрыг байртай нь үлдээчихсэн бол гэдэг харуусал олон жүжигчинд байдаг. Улсын циркийг хуудуутай гэрээгээр хувьчиллаа гэж циркийн жүжигчид ч дуу хадаасан. Бас Монголын кино урлагийн салбарынхан “Монгол кино” нэгтгэлийн явуулж байгаа үйл ажиллагаа олныг хамарч чадахгүй байна гэж шүүмжилдэг.
Төрийн санд төвлөрүүлж байгаа орлогын мэдээллээс харахад Төрөөс авсан татаасаасаа бага орлого олж байгаа урлагийн байгууллага цөөн. Даанч давуулж олсон орлогоосоо уран бүтээлчдээ урамшуулж, амжиргааг нь дээшлүүлэх механизм байхгүй. Тиймээс орлого сайн, муу байхын ялгаа уран бүтээлчдэд үл мэдрэгдэнэ. Урлагийнхан өөрсдийнхөө сэтгэлийн хүч, тэнгэрлэг гэмээр эрч, урмаар тэтгэгдэн явдаг болохоороо халаасандаа автобусны мөнгөгүй байсан ч юман чинээ бодохгүй.
Монголын циркийн урлаг дэлхийн дэвэн дүүлж, айргийн тавд нэрлэгдэж асан он жилүүдэд хүнээс илүүг хийж, бусдыг алмайруулж байгаагаараа жүжигчид бахархдаг байсан байх. Тэдний нэг нь циркийн ахмад жүжигчин Г.Доржнамжил. Акробат, хүнд жингийн жүжигчин тэрбээр “Тэмээтэй акробат”, “Шидэх банз”-ны үзүүлбэрийн ахлагчаар олон жил ажилласан. Монголын үзэгчид түүнийг “Хань” киноны Төмөрийн дүрээр нь андахгүй.
Энэ хөгшин одоо голомтоо сахин суугаа. Ахмад циркчдийн холбоог тэргүүлдэг Г.Доржнамжил гуай “Монголын циркчдэд ганцхан энэ байшинг нь үлдээчихэж болдоггүй юм уу” гэж ярьж байна. Өнгөрсөн зургадугаар сард Циркийн сургуулийн бэлтгэлийн байр буюу Хуучин цирк шатаж, дээвэр нь нурж, хана нь тортогт будагдан, техник тоног төхөөрөмж нь юу ч үгүй болсон.
Галын шалтгаан анхнаасаа тодорхой байсан бөгөөд дулааны шугам шинэчлэн сольж байсан гагнуурчид оч үсэргэж, тэр нь үртсэн хананд орж уугисаар оройн 21.00 цагт Хуучин циркийн байр шатжээ. Ардын зураач Л.Намхайцэрэн 1942 онд Эх дагинын цогчин дуганыг сэргээн засварлаж, баганын зохион байгуулалтыг нь хэвээр үлдээж даацыг нь сайжруулснаар Монголын циркчид 500 үзэгчийн суудалтай өвлийн байртай болж байжээ.
2007 онд Улсын циркийг Монголын үндэсний цирк болон өөрчлөгдсөний дараа ихэнх уран бүтээлчид бэлтгэл хийх газаргүй болоход энд л ирж өдий хүртэл толгой хоргодож байлаа. Шөнийн 01.00 цаг хүртэл бэлтгэл хийх нь ч энгийн үзэгдэл байсан.
Харин одоо энэ байрыг шатсанаас хойш олон групп тарж, уран бүтээлчид биеийн тамирын заал, танхим бараадан аргацаах төдий бэлтгэл хийж байна. БСШУЯ болон Монголын үндэсний циркийн хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр жилийн турш сарын 15 сая төгрөгөөр байраа түрээслүүлж, ХБК-ын Циркийн тэнхмийн сурагчдыг бэлтгэл хийлгүүлж эхлээд байгаа.
Хуучин циркийг шатсанаас хойш БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийнхэн “Энэ барилгыг соёлын өв хэлбэрээр нь ашиглана” гэсэн чиглэл баримталж, өнөө хэдэн циркчдийнхээ голомтыг нь булаахаар болоод байлаа.
Г.Доржнамжил гуай болон бусад циркийн жүжигчид санал тавьснаар өнөөдөр БСШУ-ны дэд сайд Б.Тулга газар нь дээр нь очиж байдалтай танилцсан юм. Тэрбээр циркчдэд нэлээд нааштай хариулт өгч, “Сэргээн засварлаад та бүхнийг бэлтгэл хийх боломжоор хангана” гээд энэ талаар илүү нарийн ярилцахын тулд циркийн жүжигчид болон холбоодын төлөөллийг даваа гаригт БСШУЯ-нд ирэхийг хүсчээ.
Циркийн урлаг орон зай шаарддаг. Урлагийн сонгодог төрөл болохын хувьд тоног төхөөрөмжтэй нэлээд харьцдаг. Тийм болохоор өнөөгийн нөхцөл байдалд жирийн нэгэн анги танхим эсвэл нүүдлийн циркт бэлтгэл сургуулилалт хийх боломжгүй юм. Уралдаан, тэмцээнд амжилт гаргахаар нь “Та нар шүү” гэж уухайлан, алга ташин баярладаг сэтгэлээ нэг удаа тэдэнд зориулж Монголын циркийн урлаг үүсэн бий болсон ГАЛ ГОЛОМТЫГ нь тэдэнд үлдээж хайрла, Төр засаг минь.