Төгсгөлгүй мэдрэмж, эрх чөлөө, орон зайг эрхшээгч... Америкийн “Нортуэйст” орчин үеийн бүжгийн компанийнхны ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр тоглох уран бүтээлийг цахимаас хайж үзэхэд дээрх үгс эрхгүй санаанд буув.
“Бүжиг үгээр хэлж болшгүй тэр л зүйлийг илэрхийлэхээр хүний бие болон сүнсний хооронд гүүр болдог” хэмээн модерн бүжгийн анхдагчдын нэг Рут Сен Денисийн хэлсэн үгийн утга одоо л орой руу оров гэлтэй.
Орчин үеийн бүжгийн урлагийн чиг хандлагыг эх орныхоо үзэгчдэд таниулах, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монголын урлагийн зөвлөл Америкийн Элчин Сайдын Яамтай хамтран Портландын уран бүтээлчдийг урьжээ.
Бүжигчдээс гадна тайзны менежер, гэрэлтүүлэгчтэйгээ 21-нд ирсэн тэд манай уран бүтээлчид, тайзны арын албаныхан, урлагийн сургуулийнханд хичээл заасан юм.
Дэлхийн алдартай, чадварлаг олон бүжиг дэглээчтэй хамтран ажиллаж, урын сандаа 175 бүжигтэй болсон тэд ийн Азийн аялан тоглолтоо Монголоос эхлүүлж байна. Чех, Канад, Англи, Америкийн бүжиг дэглээчдийн хүн төрөлхтөнд тулгарсан асуудлыг орчин үеийн бүжгийн хэлээр илэрхийлсэн “Цэнхэр”, “Чамайг эргэж ирэх хооронд”, “Эх хэл”, “Дурсамжийн гэр” хэмээх бүжгүүдийг толилуулах юм.
Америкийн бүжигчдийн томоохон шагналын нэг “Гүнжийн ивээл”-ийг хүртсэн Франко Ньето, Виктор Усов, Чин Чин Вон, Андриа Пэрсон нартай ярилцлаа.
-Монголд ирнэ гэдгээ мэдэхэд ямар санагдсан бэ?
Ф.Н: -Бид яг тухайн мөч бүрт шинийг мэдрэхийн тулд ирэхээсээ өмнө Монголыг судлаагүй. Тиймээс дотор нь юу байгааг мэдэхгүй бэлэг задлахтай адил санагдаж байна.
-Та нарын олонх нь балетын сургууль төгссөн юм билээ. Контемпорари бүжиг балетад суурилдаг уу?
А.П: -Биеийнхээ мөч бүхнээр мэдэрч, хөдлөх нь контемпорари бүжгийн үндэс. Нарийн техниктэй хөдөлгөөн хийж уян хатан байхад балет тусалдаг.
В.У:-Манай компанид мэргэжлийн олон дэглээч төрөл бүрийн хичээл заадаг. Балетаар зогсохгүй, бүжгийн олон төрлөөс өөртөө шингээнэ гэдэг бүжигчин хүний хувьд азтай завшаан. Хэрвээ мэргэжлийн дэглээчид бидэнд төрөл бүрийн туршилт хийж, заагаагүй бол би биеэрээ тийм олон хөдөлгөөн хийх боломжтойг мэдэхгүй байсан. Контемпорари бүжиглэснээр өөрсдийгөө нээж, уран бүтээлчийн хувьд өсөж өндийж байна.
-Тэгвэл модерн, контемпорари бүжгийн ялгаа юу вэ?
Ч.В: -Модерн 1940-өөд оноос үүсэлтэй. Контемпорари бол модерн бүжгээс эхтэй хөгжиж байгаа болохоор угтаа адилхан.
В.У: -Бүжгийн чадвар, мэдрэмж, туршлага гээд мэддэг бүхнээ хөдөлгөөнөөр дамжуулж илэрхийлэхдээ өөртөө итгэх ёстой. Өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгож, өөртөө итгэн оюун санаагаа хөдөлгөөнтэйгөө холбохыг контемпорари бүжигт чухалчилдаг.
Ф.Н: -Яг л олон төрлийн ногоо хольсон чилитэй шөл гэсэн үг. Бүжигчин сурсан техникүүдээ дэглээчийн болоод өөрийн оюун санаатай холбож илэрхийлнэ гэсэн үг. Мэдээж бүжиг дэглээч тэр “хоолыг” дахин хийхэд яг адилхан амттай болохгүй.
А.П:-Би контемпорари бүжиглэснээр өөрийгөө илүү сайн таньсан. Бүжгээр дамжуулж өөрийгөө илэрхийлж сурснаар илүү нээлттэй болсон.
-Монголд контемпорари бүжгийг хөжүүлэхийн тулд яах ёстой вэ. Үндэснийхээ бүжигтэй хослуулах нь зүйтэй юү?
Ч.В: -Монгол бүжгийг орчин үеийнхтэй хослуулж болох ч балет заавал хэрэгтэй. Контемпорарийг хөгжүүлэхийн тулд гадаадаас мэргэжлийн олон дэглээч ажиллуулбал сайн хөгжих байх. Монгол бүжгийн хөдөлгөөнүүдийн нэгдэл их гоё санагдсан. Хөөмий, ёочин гээд үндэсний хөгжим, аялгуу их өвөрмөц, гайхалтай. Би өмнө нь хэзээ ч тийм аялгуу сонсож байгаагүй.
Ф.Н: -Монгол бүжиг газарт суурилсан, шигдэж суусан хөдөлгөөнүүдтэй юм шиг ээ. Мөр, их биеэрээ ихэвчлэн бүжиглэдэг. Зарим дэглээч бидэнд тиймэрхүү хөдөлгөөн зааж байсан. Тухайн хөдөлгөөнүүдийн унаган хэлбэрийг нь харах таатай байлаа. Өөрөөр хэлбэл, монгол бүжиг аль хэдийнэ орчин үеийн бүжигт нөлөөллөө үзүүлсэн юм байна.
-Та нар манай соёл урлагийн байгууллагуудад хуваагдан очиж, бүжигчдэд хичээл заасан байна лээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
Ф.Н: -Би ямар хүмүүст хичээл заах нь вэ гэдгээ тандахаар ДБЭТ-т эрт очсон юм. Үнэнийг хэлэхэд монгол балетчдыг хараад хичээл заана гэхээс жаахан эмээсэн шүү. Биетэйгээ сайн ажиллаж сурсан, хөдөлгөөнүүдээ чадварлаг эзэмшсэн бүжигчид байна лээ.
Тиймээс тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж бодохоос илүү, аль болох шинэлэг юм заахыг хүссэн. Тэд ч ичиж, эмээлгүй, маш нээлттэй, найрсаг хандаж, сурах чин хүсэл эрмэлзэлтэй байсан. ДБЭТ-ын тайз бидний бэлтгэлээ хийдгээс их том. Тийм орон зайд бүжиглэхдээ баяртай байна.
В.У: -Чуулгынхан болон Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд гээд миний заасан бүжигчид боловсрол, чадварын хувьд янз бүрийн түвшнийх байсан. Тэд их нээлттэй, юу ч сурахад бэлэн, хүсэл эрмэлзэл дүүрэн байсан нь сайхан санагдсан.
А.П: -Бид хэдийгээр өөр ёс заншил, амьдрах орчин, үзэл бодолтой ч хөгжмөө мэдрээд бүжиглэхээр хэлний бэрхшээл, үл ойлголцол гараагүй. Би монголчуудыг тийм сайн бүжиглэдэг гэж бодоогүй шүү.
-Танай компанид олон улсын бүжигчин байдаг юм билээ. Манай бүжигчдээс танайд ороход үүд хаалга нээлттэй юү. Ямар шалгуур тавьдаг вэ?
А.П: -Гадаад уран бүтээлч хүсэлт ирүүлэх бол бүжиглэсэн бичлэгээ илгээх хэрэгтэй. Хэрвээ сонгогдвол ирж шалгуулдаг. Манайх зун 14-21 насны бүжигчдэд хоёр төрлийн бүжгийн сургалт зохион байгуулдаг юм. Сургалтын дараа бүжигчид захиралд шалгуулж тэнцсэнээр бидний нэг болох боломжтой.
Б.ТАЙВАН