Зайран: Аль тэр еэвэн аваад ир
Боролдой: Энэ байна.
Зайран: Тал нь хаана байна?
Боролдой: Тал нь уу, тал нь энэ байна.
Зайран: Биш ээ биш, бүүр нөгөө тал нь хаана байна?
Боролдой: Аан, бүүр нөгөө тал нь уу, энэ байна...
“Зэрэг нэмэхийн өмнө” киноны хэсгээс
Монголын уран сайхны киноны сор дээжийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг “Зэрэг нэмэхийн өмнө” киноны гурван гол дүр үзэгчдийн сэтгэлд тод дурсагддаг. Тэр дундаа овтой, сэргэлэн Боролдой зэрэг дэвд шунасан ноёноо хэрхэн “чадаж”, Хүрээ оруулалгүй буцааж байгааг нь үзэж, Монголын үзэгчид 50 жилийн турш инээж байна.
1965 онд “Монгол кино” үйлдвэрт бүтээгдсэн энэ киноны зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв бичиж, гавьяат жүжигчин Д.Чимэд-Осор найруулжээ. Киноны зураач нь Ядамсүрэнгийн Үржнээ, хөгжмийн зохиолч нь Л.Мөрдорж гуай байсан гэхээр агуу авьяастнуудын хамтын туурвил ийн дуурсагдахаас өөр яах билээ. Зайрангийн дүрд З.Доржсүрэн, Долдойд ардын жүжигчин Д.Жамъянжав тоглосон бол Монголын циркийн нэрт алиалагч Б.Содном Боролдойн дүрийг бүтээжээ.
Гавьяат жүжигчин Б.Содном гуайн мэндэлсний 105 жилийн ой энэ онд тохиож буй. Зайрантангийн шуузыг гээж орхиод, хадгалуулсан еэвэнгийнх нь талыг Долдойтойгоо хувааж идчихээд, банздуулж хэвтэхдээ ч алиалж байгаа түүний дүрийг өөр хэн ч ийм сайн бүтээхгүй байсан болов уу.
Төв аймгийн Галбадрах буюу одоогийн Заамар сумын уугуул Б.Содном агсан 1934 оноос урлагийн байгууллагад, тэр дундаа сүүлчийн 34 жилд нь Улсын циркт ажиллажээ. “Хэтэрхий авьяастан”, “Тэмээ”, “Говь” “Сандал”, “Биеийн тамир”, “Удган мод”, “Малгай” зэрэг 70 гаруй циркчилсэн жүжиг, 300 орчим шог гараанд тоглосон түүний “Алиа” Ж.Данзангийн хамт урласан “Толь” үзүүлбэр хамгийн алдартай нь. Ихэвчлэн эмэгтэй хүний дүрд хувирдаг байсан болохоор нь циркийнхэн “авгай” Содном хэмээн дотночлох нь ч бий.
Түүний намтар түүхэнд сонирхолтой дурсамж олон бий. 13 насандаа өнчирч, айлд зарагдан хүний зэрэгтэй болсон тэрбээр Марзан хэмээх Б.Шаравын дэргэд сайн дурын ажил хийж явсан гэдэг. Дагалдан зураач болж нэг жил ажиллаад Цэнгэлдэх хүрээлэнд уртын дуучин шалгаруулахад тэнцэж, урлагийн хүн болжээ.
Ардын цэнгэлдэх хүрээлэнд ороод “Ар хөвч”, “Эр бор харцага” уртын дууг сайхан дуулдаг болсны зэрэгцээ “Идэр жинчин”, “Жавхлант сүрэг” гээд 10 шахам дуу заалгаснаа өөрөө дурсаж байжээ. Элдэвтэй, авьяастай нэгэн байсан нь эртээ илэрч, дуучин болсон жилийнхээ сүүлчээр Залуучуудын театр буюу соёлын ордны жүжигчин болж, “Цэнд комиссар”, “Дамбийжаа”, “Хоньчин охин Цэцэгмаа”, “Дүрвэгч Түдэв”, “Ардын зориг” зэрэг жүжигт тоглож, удалгүй туслах найруулагч болоод улмаар театрын орлогч дарга хүртэл дэвшин ажилласан байгаа юм. Ховд, Увс аймагт томилогдон ажиллаж, тухайн аймгийнхаа уран бүтээлчдийг оролцуулсан концерт, жүжиг найруулж, түүгээрээ улсын уралдаанаас шагнал авч явсан түүх ч бий.
Б.Содном гуай “Тарваган тахал”, “Баатар Гонгор”, “Бидэнд юу саад болж байна”, “Хүний мөр”, “Хүргэн хүү”, “Зэрэг нэмэхийн өмнө” уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн хүн.
“Зэрэг нэмэхийн өмнө” киноны уран бүтээлчдийн дурссанаар бол Б.Содном гуай өөрийнхөө тоглох хэсгийн зохиолд өөрчлөлт оруулсан гэдэг. Тухайлбал, гэдсэн дээрээ хүний дүрс зурж, Эрлэг Номун хааны элч болж, Зайрангаа ухаан алдуулж, тал еэвэнгээр шоглох хэсгийг тэр өөрөө санаачилжээ. “Хүргэн хүү” уран сайхны кинонд хадлангийн ажлаас өөрийгөө болон хүүгээ чөлөөлүүлэхээр нэгдлийн дарга дээр таяг тулан орж ирж байгаа зальжин өвгөний дүрийг чадамгай гаргасан. Үзэл суртлын ухуулга сурталчилгаа уран бүтээлд заавал тусгагдаж, дарга, сайд нарын даалгавраар бүтээл туурвиж байсан хаагдмал нийгэмд ч тэр өөрийнхөөрөө шүүмжилж, элэглэж чаддаг байжээ.
“Зэрэг нэмэхийн өмнө” киног дэлгэцэнд гарахын өмнө “Монгол кино” үйлдвэрийн болон Соёлын яамны уран сайхны зөвлөл, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Намын төв хорооны үзэл суртлын хэлтэс хянаж ярилцаад, “Намын үзэл сурталд үл нийцсэн, ангийн тэмцэл үгүй, ур дүй тааруу кино боллоо” гэж дүгнэсэн гэдэг. Бас элдэв төрлийн нэмэлт засвар хийхийг тулгаж, муу бүтээл хийсэн уран бүтээлчдэд шагнал өгөхгүй байхаар тогтжээ. Гэхдээ энэ киноноос шагнал аваагүй уран бүтээлчид 50 жилийн турш кинотойгоо дэлгэцэнд мөнхөрснийг үзвэл хангалттай өндөр шан харамж өгөх ёстой байсан бүтээл энэ буюу.
Киноны зохиол нь ардын аман зохиол, домог түүхээс эхтэй тухай зохиолч хэлсэн нь бий. Түүний зэрэгцээ алиа хошин зантай, сэргэлэн, шооч Б.Содном гуайн нөлөөгөөр нэг дүр бүү хэл, бүхэл бүтэн кино “амилж” олонд хүрсэн гэхэд болно.
Б.Содном гуай зургаан хүүхэдтэй. Түүний охин С.Жаргалан Монголын хамгийн анхны эмэгтэй алиалагч юм. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн С.Жаргалангийн том хүү ч бас урлагийн хүн болсон. Залуу жүжигчин Г.Анхбаяр “Эмоци” продакшнд ажиллахын зэрэгцээ дэлгэцийн урлагт авьяас сорьж буй. Хамгийн сүүлд “Хожлын нүүдэл” уран сайхны киног найруулж, үзэгчдийн хүртээл болгосон байна. Түүнийг эмээ нь өсгөсөн тухай нэгэн ярилцлагадаа дурдаад “Эмээ минь л намайг өвөөтэй адилхан болгож хүмүүжүүлсэн байх” гэсэн нь бий.
Алиалагч Б.Содном гуайн хүү С.Цолмон “ Аав бидэнд “Хүн ийм байх ёстой” гэж цэцэрхэн сургаж байсангүй. Ихэвчлэн алиа марзан байдлаар үгийн завсар үг хавчуулж, ухаан бодолд минь шигтгэж өгдөг байсан. Хүнийг үл хүндэтгэх, дорд үзэхийг тэвчдэггүй хүн байсан. Хөгшин залуу, дарга сайд, гуйлгачин ядуу гэлгүй ижилхэн харьцдаг, зөөлөн сэтгэлтэй хүн байсан даа, миний аав. Мөн ч олон нөхөдтэй байжээ. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, ардын уран зохиолч С.Эрдэнэ гуай, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Л.Мөрдорж гээд урлагийн алтан үеийнхэн, циркийн үе үеийн авьяастнууд бүгд л манайхаар орж гарч, явжээ” хэмээн дурсан ярьсан удаатай.
1958 оноос хойш гавьяат жүжигчин Б.Содном хэмээн дуудуулж явсан энэ эрхэм хүн өнгөрсөн зууны хамгийн алдартай жүжигчдийн нэг мөнөөсөө мөн. Түүнийг урьдаггүй аймаг, сум, бригад, цэргийн анги ховор байсан буюу. Инээд цалгиасаар, элдэвлэсэн төрхөөрөө ард түмнийхээ сэтгэлд дурсагдах түүний бүтээл туурвил насан өөд болтол нь үргэлжилж байсныг дурдах нь зүй.
Ж.СОЛОНГО