П.И.Чайкоскийн нэрэмжит уралдааны гран при, М.Глинкийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг дэлхийн сонгодог урлаг сонирхогчид алга нижигнүүлэн угтсаар байна.
Шагнал хүртсэнийхээ дараахан Төрийн наадмаа нээж дуулсан тэрбээр ОХУ-ын Кремлийн ордон, Мариинский театр, Буриадын Улаан-Үдийн театрт дуулах шахуу хуваарьтайгаар есдүгээр сарыг дуусгаж байна. Ирэх ням гаригт тэрбээр Мариинскийд П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны нэгдүгээр байрын шагналт Юлия Маточкинатай хамтран тоглолт хийх юм байна. Дараа нь буюу аравдугаар сарын 1-нд нутагтаа ирэх төлөвлөгөөтэй байгаагаа дуучин залуу найзууддаа дуулгажээ.
Харин түүний дараагийн “зогсоол” нь Карнеги холл. Тэрбээр ирэх сарын 24-нд АНУ-ын Лос Анжелос хотноо Карнеги холлд дуулах гэнэ. Дэлхийд алдартай мэргэжлийн дуучид жилийн төлөвлөгөөгөө урьдчилан гаргаж, алдартай театруудад урилгаар тоглодог бол Монголын залуу дуучин энэ амжилтыг буухиалахаар хэмжээнд хүрсэн нь энэ.
Түүнчлэн, бидний олж мэдсэнээр Г.Ариунбаатар 2016 оны нэгдүгээр сарын 6-нд Бээжинд, 13-нд Шанхайд дуулах юм билээ. Дэлхийн нэрт удирдаач Валерий Гергиевийн хараанд өртөж, мөрөөдлөө биелүүлж, монголчуудынхаа алдрыг цуурайтуулж яваа түүнд үүнээс ч илүү ирээдүй бий гэдэгт итгэж байна.