Монголын эзэнт гүрний их хаан Хубилай сэцэний мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхт их ойг Монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тухайлбал, түүхт ойг Монгол орон даяар өргөн тэмдэглэх хөтөлбөр боловсруулан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн, түүх, урлаг соёлын зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Тухайлбал, Хөөмэйн олон улсын наадам, эрдэм шинжилгээний бага хурал, “Хубилай сэцэн хаан-800” ойд зориулсан маркийн нээлт, “Хубилай сэцэн хаан” эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан телевизийн нэвтрүүлэг, Чингис, Өгөдэй, Хубилай сэцэн хаан романы нээлт, Тайванийн “Гугун музей дэх Монголын түүх, соёлын дурсгалууд” номын нээлт, Хубилай сэцэн хааны тухай 10 боть цуврал ном, “Хубилай сэцэн хаан ба түүний залгамжлагчид” цомгийн нээлт, “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Евро-Азийн музей дэх хувцасны цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал гээд онцолж болох олон үйл ажиллагаанд богино хугацаанд хийлээ.
Харин уг түүхэн ойн хаалтын ажиллагаа болох Эсгий туургатны хувцасны фестиваль буюу "Алунгоо" олон улсын наадам өчигдөр болж өнгөрлөө. Тус фестивалийг БСШУЯ, Дэлхийн монгол туургатны хувцасны холбоо, "Монгол Костюмс" төв хамтран зохион байгуулсан бөгөөд Дэлхийн эсгий туургатны үндэсний хувцасны соёл, түүний хөгжлийг олон нийтэд таниулах, олон улсын хувцас, соёл судлаачид өөрийн туршлагыг солилцох, цаашид хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх хөрсийг бүрдүүлэх зорилготой аж.
Тус олон улсын наадамд Монголоос Урлах эрдэм загварын товчооны 17 загвар, "Монгол костюмс" төвөөс монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан 40-өөд хувцас, ӨМӨЗО, Буриад, Тува, Якут, Кыргизстан, Башкирстан, Туркменистан, ОХУ-ын Эрхүү муж, Санкт Петербургээс эсгий туургатан орнуудын 60 гаруй хувцас оролцлоо.
Наадмыг нээж Улсын филармонийн симфони найрал хөгжим Монголд анх удаа “Хубилай хааны цэнгэлийн ордон” симфони найраглал болоод Монголын хаадын ордны сэргээн бүтээсэн ятгын эгшгийг сонсгосон нь тэнд хуран цугласан зочид төлөөлөгчид болоод үзэгч олны сэтгэлийг баясгаж байсан юм.
Үүний араас хувцасны фестивалийг Урлах эрдэм загварын товчооны дизайнер н.Нямцэцэгийн авангард стилийн түүхэн коллекцоор эхэллээ. XII зууны Монгол хатдын хувцсыг дуурайлган хийсэн тус коллекцийн загварууд Монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, уян налархай биеийг илүү тодотгож байсан бөгөөд энэ коолекцийг урлахдаа загвар тус бүрийг нэг сарын турш хийсэн гэнэ.
Үүний дараагаас Буриад зон олны үндэсний хувцасны “Сурын гол” коллекцээс эхлээд Турк улсын Асманы эзэнт гүрний XIV-XV зууны үеийн үндэсний хувцсыг дахин сэргээж амилуулсан загвар, мөн ОХУ-ын Санкт Петербургийн дизайнерын монгол цэргийн гутал, хээ хуараас сэдэвлэж хийсэн хувцас болоод XVII зууны үеийн сүйт бүсгүй өмсгөлийг сэргээн амилуулсан загвар гэх мэт олны нүдийг хужирласан өвөрмөц хийцтэй загваруудыг толилууллаа. Энэ дундаас Туркменистан улсын үндэсний хувцасны загварууд олны харцыг илүүтэйгээр булааж байгаа нь ажиглагдаж байсан юм. Цоглог хөгжмийн хэмнэлд үндэснийхээ хувцсаар гангарсан үзэсгэлэнт бүсгүйчүүд өөртөө итгэлтэй гэгч нь нүүр дүүрэн инээмсэглэн алхаж байлаа.
Түүнчлэн энэ үеэр Монголын залуу уран бүтээлчид ая дууныхаа дээжээс өргөн барьж байсан нь тус фестивалийг илүү чимж байсныг үзэгчид хэлж байлаа.
Энэ үеэр БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөрөөс "Алунгоо" наадмын талаар тодрууллаа.
-Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, эсгий туургатны "Алунгоо" олон улсын наадмаар хаалтаа хийлээ. Яамны зүгээс ойн хүрээнд ямар ямар ажлуудыг зохион байгуулав?
-Засгийн газрын тогтоолын дагуу Хубилай сэцэн хааны 800 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэхдээ баяр наадам, шоу цэнгээн зохион байгуулаагүй. Харин номын баяр, эрдэм шинжилгээний хурал хийж, өв соёлоо таниулан сурталчилж тэмдэглэлээ.
Жишээлбэл, хөөмийн баяр, үзэсгэлэн, үндэсний хувцасны баяр, хоёр өдрийн турш үргэлжилсэн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Хубилай хааны ордны 7, 9, 11 чавхдаст ятгыг сэргээсэн. Энэ сарын 15-нд Чингисийн талбайд түүхэн ойг тэмдэглэх ёслолын ажиллагааг нээж байсан бол өчигдөр морин цагт анх удаа 300 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжмийг ард олонд сонордууллаа. Дэлхийд ч ийм хэмжээний үндэсний найрал хөгжим байдаггүй. Үүнээс гадна төрийн хаад, хатдын бүжиг, дуунуудыг сонсгосон.
Мөн түүнчлэн эсгий туургатны Алунгоо олон улсын наадмын үеэр АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Charles T. Griffes-ийн “Хувилай хааны цэнгэлийн ордон” симфони найраглалыг Монгол Улсад анх удаа эгшиглүүллээ. Уг бүтээлд Хубилай хааны ордны дотоод байдлыг хөгжмийн хэллэг, өгүүлэмж, зохирол, дуурьсал, хэм хэмнэл, хөг тогтолцоогоор мэргэжлийн түвшинд харуулж чадсан гэж бодож байна. Мөн энэ үеэр эсгий туургатны хувцасны наадамд 12-17 дугаар зууны үеийн хувцаснуудыг сэргээж, дуурайлган хийсэн хувцаснаас гадна Юань гүрний хувцаснуудыг ч толилуулж байна.
-Үүний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хамгийн гол нь түүхээ үнэн бодитойгоор үнэлж дүгнэж, өөрсдийн төр ёсны уламжлал болоод хаад, ноёдоос суралцаасай гэж хүсч байна. Хубилай сэцэн хаан бол Таван өнгөт улс гэдэг зүйлийн хүрээнд хос ёсны бодлогыг баримталж байсан хүн юм. Өөрөөр хэлбэл, олон угсаатан, үндэстний аль ч соёлыг хөндөлгүйгээр Нэгдсэн хан тэнгэрийн соёл гэгчийг гаргаж ирсэн хаан юм. Ингэхдээ эрдэм соёлыг голчлон үзэж байсны хүрээнд бид өнөөдөр ийм өргөн хүрээнд тэмдэглэж, түүх соёлыг сэргээж байгаа юм.
-Хоёр өдрийн турш эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар ямар асуудлыг голчлон хэлэлцсэн бэ?
-Бид ШУА, Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Үүнд олон эрдэмтэн хүрэлцэн ирж, хоёр чиглэлээр асуудлыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Хубилай хааны үе, нөгөөх нь Юань гүрний үе. Хубилай хааны үед төр ёсны бодлого, бичиг соёлын бодлого, цэрэг эрдмийн бодлого, шашин бодлого, түүхийн хүрээнд Хубилай хааныг Монголын хаан мөн үү эсвэл Юань гүрний хүн хэмээн үзэх үү гэх мэт эргэлзээтэй сэдвүүдээр Монголын хамгийн сор болсон эрдэмтэд, академич нар хэлэлцсэн.