ОХУ-ын театрын нэрт зохиолч Александр Ванпиловын нэрэмжит олон улсын драмын урлагийн X наадамд УДЭТ-ынхан оролцож байна. Тодруулбал, энэ сарын 20-нд эхэлсэн, 26-н хүртэл үргэлжлэх наадамд Александр Ванпиловын “Хэрээт төгөл”-ийг ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдоржийн найруулснаар тоглох юм байна. Хүмүүний ёс жудаг, мөн чанарыг харуулсан нэг бүлэг, инээдмийн эмгэнэлт жүжигт тоглосон ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Г.Урнаа тэргүүтэй 16 хүн Эрхүүг зорьжээ. Уг наадамд Польш, Австри, Герман Беларусь, Латви, Казахстан, Узбекистан, Япон, БНСУ зэрэг улсын уран бүтээлчид оролцож байна. Монголд “Хэрээт төгөл”-ийг анх 1982 онд Дарханы Залуучууд театрт Ганбаатар найруулагч тавьсан бол Б.Мөнхдорж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард толилуулсан юм.