Каракум буюу Хар элсэн говьд оршдог Туркменистан улстай найрамдалт харилцаа тогтоосны 23 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан тус улс соёлын өдрүүдээ манай улсан зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг арга хэмжээ хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор ДБЭТ-т өчигдөр нээлтээ хийлээ.
Наймдугаар зууны үед Төв Ази руу нүүдэллэсэн Огуз аймгийнхан бол өдгөөгийн туркменуудийн өвөг дээдэс. Тиймдээ ч манай хоёр улс эртний түүхт холбоотой хэмээн тус улсын хүн амын дийлэнх хувийг эзэлдэг туркменүүд үздэг.
Гурван өдрийн турш үргэлжлэх “Туркменистан Улсын соёлын өдрүүд” арга хэмжээнд Туркменистан Улсын Ардын жүжигчин, дуучин Маммедова Аманбиби, Туркменистан Улсын Гавьяат жүжигчин, дуучин Союнов Достмаммет болон бүжгийн “Ашхабад”, “Дагдан” хамтлагийнхан оролцож туркмений уламжлалт соёлыг бидэнд танилцуулах бөгөөд тус улсын музейн сан хөмрөгийн шилдэг бүтээлүүдийг Монгол цэргийн музейд дэлгэсэн үзэсгэлэнгээс сонирхож болох аж.
Сонирхуулахад, таван сая гаруй хүн амтай тус улс байгалийн хийн нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг. Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 178-д буюу БНАСАУ, Эритри улсын өмнө бичигддэг тул хамгийн хатуу дэглэмтэй 10 орны тоонд багтжээ.