Уйлъя гэвэл Уушандарыг
Ухааръя гэвэл Мял Богдыг
Инээе гэвэл Ил Дандийг уншаарай хэмээх монгол ардын сургааль бий.
Монголын уламжлалт ёсонд шавийн дөрвөн эрдэм гэж бий. Сурагчийн оюун сэтгэхүй гэдэг нэг ёсны сав байдаг учраас мэдлэг оруулахын тулд эхлээд түүнийг багш хүн бэлдэх хэрэгтэй байдаг аж.
Иймийн учир багш бүрийн саваа бэлдэх арга өөр. Чухам багш шавийн барилдлага гэдэг ямар их нөлөөтэй вэ гэдгийг “Мял богдын намтар” гэх зохиолоос мэдэж болно.Тэгвэл Монголын театр урлагийн тайзнаа анх удаа Төвдийн энэхүү зохиолыг Хүүхэлдэйн театрын хамт олон тайзнаа амилуулж, энэ сарын 18-нд нээлтээ хийлээ. Энэ зохиолыг уншсан хүмүүний нэг насны нүгэл арилдаг гэлцдэг лугаа жүжиг болгон найруулсан бүтээлийг үзсэн минь сэтгэл юугаа ариусган, оюун ухаанаа хөглөсөн явдал болсон билээ.
Жүжиг үзэхээр танхим руу орохын зуур арц, хүжний утаа хамарт цоргин, эгнүүлэн тавьсан зул бадамлах нь жүжиг эхлэхийг хүсэх үзэгчдийн сэтгэлийг тайтгаруулах шиг.
Өмнөт Төвдийн нутагт баян айлын ганц хүү болон мэндэлсэн ч хар багадаа өнчрөл хагацал үзэн, өмч баялгаа луйвардуулсан тэрбээр өш хонзонгийн эрхээр хараал чатгад суралцаж, 35 хүний амийг хөнөөсөн нүгэлтэн болж буйгаар эл жүжиг үргэлжилдэг бол хэрхэн багштайгаа уулзаж гэгээрэлд хүрч, ид шидийг үзүүлж буйг уншигч авхай тайзнаас харах нь илүү ач холбогдолтой болов уу.
Эхлүүлэхийг хүссэн шиг ээ дуусгахгүйг хичээн, шимтэн үзэх олонд оюун ухааны сор бүтээлээр дамжуулж ухаарал өгч буй нь тус театрынханд талархууштай, басхүү тэднээр бахархмаар санагдсан юм.
Агуу багш Мял богд бясалгал хийж сургаалаа айлтгаж буйгаар “Мял богдын намтар” зохиол эхэлдэг бол жүжигт түүний шавь багшийнхаа намтарыг ярьж байгаагаар зохиомжилсон юм билээ.
Түүнчлэн Их хөлгөн судрыг нэг цаг гаруй хугацаанд хураангуйлж найруулан тайзны бүтээл болгоно гэдэг нөр их хөдөлмөр бөгөөд жүжигчдээс ур чадвар шаардсан нь илхнээ харагдаж байсан юм.
Хүүхэлдэйн театрын захирал Ц.Хулан “XXI зуун бол техник, мэдээ мэдээллийн тэсрэлтийн эрин бөгөөд хүн, хүний мөн чанар, хүн чанар, зан чанар устаж үгүй болох аюул нүүрлэсэн энэхүү цаг хугацааны эргүүлгээс Монгол Улс, түүний ирээдүй хойч үеийг боломж чадамжийн хэрээр аварч, ёс суртахууны доройтол, уналтаас сэргийлэхэд тал бүрийн оролцоо нэн шаардлагатай байгаа. ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгагдаагүй программ буюу хүүхдийг хүн болгон хүмүүжүүлэх нүсэр их үүрэг хариуцлагыг театр, хүүхдийн тодотголтой соёл урлагийн байгууллагууд өөр дээрээ авч хэрэгжүүлэх ёстой гэж бид үздэг. Тоглож буй жүжиг өгүүлж буй үлгэр ч хүүхдийн хүмүүжлийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг, үлгэрлэвээс , хүүхдийн эвлүүлдэг зурагт хуудас шиг бүрэн дүүрэн утга агуулгатай нэгэн цогц болж сэтгэл сэтгэхүйд нь очих ёстой хэмээн үзэж энэ зохиолыг тайзны бүтээл болгохоор шиидсэн” хэмээн ярьсан юм.
Хүүхэлдэйн театрын хамт олон уран бүтээлээ толилуухаар өчигдөр Солонгос улс руу жолоо мушгисан бол буцаж ирэнгүүтээ “Мял богдын намтар” жүжгээ үзэгчиддээ үргэлжлүүлэн хүргэхээр төлөвлөсөн юм билээ.
Хатуу ширүүн, нүүрэн дээрээ загнаж зодож байвч эцгийн энэрэлт сэтгэлээр уйлан хайлдаг багш хүний сэтгэлийн агуу, хичнээн чичлүүлж, занчуулж байвч эрдэмд шамдах шавийн зүтгэлийг харуулах уг жүжгийг орчин цагт хүүхэддээ заавал үзүүлэх жүжиг хэмээн онцолном.