Гайхамшиг гэдэг үгийн талаар энд хэдэн үг бичмээр хэлмээр санагддаг. Монголын циркийн “морьтны гайхамшиг” гэдэг нь номерын нэр юм уу? эсвэл энэ морьтонгуудын морин дээр хийж буй трюк үзүүлбэр нь үнэхээр гайхамшигтай юм уу? гэсэн асуултанд судлаач бидний бодлыг өөрийн эрхгүй аваачиж байна. Циркийн жүжигчин хүнийг анхлан сонголт хийхдээ мянгаас зуу, зуугаас арав, араваас нэг- ийг гэсэн шалгуураар сонгон авч олон жилийн сургууль хийсэний үр дүнд циркийн жүжигчиний төгс эрдмийг эзэмшдэг. Хаяа арын хаалга тогшиж орж ирсэн нөхдүүд байдаг боловч манежинд үзэгчидийн өмнө өөрсдийгөө л шившигт оруулдаг. Гадны циркчид амьтад морь мал дээр ч шилмэл омгийн шилэн сонголт хийхээс гадна ховордсон амьтдыг арчилаж хайрлах нөхөн үржүүлэх тал дээрээ үржил селекцийн ажлыг, шилэн сонголт сайтай тооцоотой хийсний үр дүнд хээнцэр ганган гоёмсог морьд, ховордсон ан амьтадаар цирк нь тасардаггүй бөгөөд тэндээсээ амьтдын номеруудаа сэлбэж байдаг. Мөн шаардлагтай ан амьтдыг зооцирк-зоопаркаас худалдан авч өсгөн “циркийн сургуультай амьтад” болгодог. Харин манайд бол эсрэгээр явагддаг. Амьтан сургагч нар нь олдсон ан амьтад мал хуйгаа өмчлөсөн, гайгүй гэмээр олдсон морь мал амьтдын хувьд мөнх юм шиг боддог байх, тэдний талаар үр удамыг нь авч үлдэх шилмэл шилдэг гоо сайхны сонголтыг нь хадгалах тал дээр огт ажил хийдэггүйгээс хөгширөөд үхэж үрэгдээд л дуусдаг нь туйлын харамсалтай.
Циркэд баригдаж ирдэг амьтад зэрлэг байгальдаа амьдарч байгаа бол өөр хэрэг хүний гарт ороод торонд амьдралынхаа ихэнх цагийг зовлонтойгоор өнгөрүүлдэг нь шоронд хоригдож байгаа хоригдолоос ялгаа байхгүй гэсэн үг. Хээрийн зэрлэг амьтад, баавгайн бамбарууш, чонын бэлтрэг бас бус амьтад циркэд ирсээр өнгө зүс алдаж хатаж хорчийсон өсөлт багатай хавчиг туранхай хүнээр бол “шоронгийн хадаас” л болж гэрэлт амьдралаа наранд биш нарсанд өнгөрөөж байгаатай ялгаа байхгүй. Яагаад тэр вэ ? гэж асууж магадгүй манай циркэд хээрийн унаган зэрлэг байгальд байгаа мэт орчныг нь бүрдүүлсэн зориулалтын байр байхгүй. Зүй ёс нь ямар орчинд байсан тэр хэвээр нь байг гэхнээ арай өөр байдалтай тоглолтын бусад цагт зооцирк маягтай амьтны паркд байрладаг бага ч гэсэн орчин бүрдсэн нөхцөлд байршуулах нь зүйтэй байлаа. Ядуу Монголын циркэд тийм орчин бүрдэх бололцоо байгаагүй юм. Гэхдээ арчилгаа хоол тэжээл маш чухал үүрэгтэй. Нэгэн удаа амьтан сургагч Амгалан циркийн амьтадын чуулбар хийх түүнд хэрэглэгдэх амьтан олох гэхдээ Монгол оронд байгаа амьтадаас сонголт хийж төлөвлөн уран сайхны удирдлага дээр ороод энэ санаа хэзээ ч бүтэхгүй юм байна гэж санаа алдан хэлж байсныг санаж байна. Ядахдаа санааг нь худлаа үнэн ч гэсэн дэмжиж гарц хайсан бол өөр зам гарч ирэх л байсан. Хэрэв циркийн амьтдын бүхэл бүтэн чуулбартай байна гэвэл маш сайхан амьтдын зоо цирк ажилуулах хэрэгтэй. Циркийн захиргаа нь алсын ирээдүйгээ харахгүй харалган байсан улсуудын ажил яаж ч өөдтэй яваа билээ дээ. Тэгээд нурж унасан циркээ өөд нь татахыг бодохгүй байрыг нь хувьчилахыг сонсоод 2-3 хэсэг болж аргаа бараж тартагтаа тулахаар хоорондоо Монгол циркийг тэгж ч хөгжүүлнэ гэсэн Мянгуужингийн үлгэр аятай юм ярьцгааж тендерт оролцож байжээ. Ашиг харсан нэг нь Ардын элч киноны Дүлзэн аятай аашилаж чадалтай мөнгөтэй хүмүүсийг дагаж гүйгээд амаараа шороо үнхэснээ мартаж, ямар аргаар дайсагналцаж байсан эсрэг талдаа урваж ялсан талын баатар болж циркийг худалдаж авсан талыг тэнгэрт тултал магтаж 2 нүүр гаргаж чадаж байна аа...Ийм хоёр нүүртэй улсуудыг агуулсан цирк яаж хөгжиж өөдтэй байх вэ дээ? Монгол цирк яаж тэсэж байсан бол доо. Тэгээд бас болоогүй Монголын циркийг хөгжүүлэхэд тэрэн шиг хувь нэмэр оруулсан чадалтай авъяастай хүн байгаагүй мэтээр өөрийгөө довийлгөж цээж хаяж цирк дотор ханхалзаж байгаа нь ичмээр дээ...хүн гэдэг ч биш болжээ. Монгол хүний гүндүүгүй чанар гэдэг энэ Монголын циркчидэд л лав алга болсон байна.
Гадны циркэд морин циркээс уламжлагдан ирсэн маш олон тооны гоёмсог төрөл бүрийн зүсний хул шаргал, туурайндаа тоосгүй цав цагаан, хилэн хар араб, ахалтек морьд программын чимэг болж тэдний үзэсгэлэн гоо бие, хунгийн хүзүү, омоглон догшин зан, нуруун дээрээ хүн байтугай тохом тавиулаж үзээгүй мөртлөө алхаа гишгээ хурд, нүдний харц жавхаа дээд зэргийн сургалт зэрэг нь ёстой нэг гайхшилыг төрүүлдэг. Сургагч эзнийхээ ганц дохиогоор хичнээн номхон болж ирнээ...та нар боддоо зүс ижилхэн 20 морь зэрэг манежинд нэгэн зэргийн тойргоор давхиж яваад, эзнийхээ ганцхан дохиогоор тэр дороо хөдөлгөөнгүй зогсож, хүний ой тойнд оромгүй сүлжээг хийж байгаа нь эртнээс ирсэн гайхамшигт морин цирк сургалтын уламжлал юм. Морь нь ч тэр, хүн нь ч ингэж тоглож байгаа тоглолтыг гайхамшиг гэнэ үү? гэхээс пог пог шогших цогих 2-ын хооронд давхиж байгаа морин дээрхи тоглолтоо гайхамшиг гээд байх нь хаашаа ч юм бэ ? дээ зүйд нийцэхгүй талдаа болов уу? Эндээс гарсан муу үр дагавар нь Монголын циркийн морьтныг “Морьтны гайхамшиг” гэж зарладаг болсоноос хойш, Монголын циркэд илбэ ухааны гайхамшиг, хүнд жингийн гайхамшиг, уран нугаралтын гайхамшиг, агаарын нисэлтийн гайхамшиг гэсэн олон гайхамшигууд төрөн гарч ирсэн. эгээтэй л алиалагчидын гайхамшиг, тулах тэнцвэрийн гайхамшиг гэж зарлуулаагүй өнөө үед хүрч ирсэн. Энд үнэндээ нэг их гайхамшигсаад байх юм байхгүй. Дэлхийн циркийн гайхамшигуудын хажууд бол инээд хүрмээр юм. Циркэд байдаг л нэг номерууд гэхдээ Монголын уран нугаралт бол өөр юм. Гоо сайхан ертөнцийг аврана гэсэн тэгвэл Монголын үе үеийн уран нугараачид дэлхийн циркийн тавцанд нэрээ дуурсгаж гоо сайхны дээдийг тэдэнд үзүүлж бишрүүлэн “Монголын уран нугаралт” гэдэг алдрыг дэлхийд түгээсэн улсууд. Монголын уран нугаралт бол сонгодог юм гэж Францын циркийн мастер Александр Бугилоны хэлсэн үг ортой юм шүү. Ингэж хэлснээрээ би Монголынхоо циркийг мууд үзсэнгүй сайхан номерууд, сайхан хөтөлбөрийг авъяаслаг жүжигчид багш нар, чадалтай олон найруулагчид хөгжлийнхөө 70 жилд бүтээж хийж гайхуулаж ирсэн. Энэхүү гайхамшигийг үзэгчид дотроо л дүгнэж гайхамшиг мөн үү? биш үү? гэхээс биш өөрсдөө ер бусын гайхамшиг болгоод байгаа нь хүний нүдийг хуурдаг илбийн тоглолттой адилхан тусах хэтэрсэн дэндсэн асуудал юм. Цагийн сайханд МУГЖ Дарийн Дамдин аврага яах аргагүй 550 кг өргөж Монголын циркэд хүнд жингийн төрөлд нэгэн гайхамшигт номер бүтээсэн нь эдүүгээ түүний шавь МУГЖ Я.Амаржаргал, Гончигийн Хишигдаваа өөр бусад олон жүжигчид тэр ч бүү хэл улсын заан Одгэрэл хүртэл гадаадад тоглон Монголын циркийн хүнд жингийн төрлийг суртачилаж буй “хүнд жингийн нэгээхэн гайхамшиг”т энэ номер Монголын циркийн урын санд 1972 оноос хойш бий болсоор эдүүгээ 30 гаруй жилийн нүүр үзэж байна. Гэхдээ энэ номерын хүндийн жин нь 550-гаас жил болгон 50 кг-аар нэмэгдсээр одоо бүр бүх хүндийн жин 850 кг болсон нь өвгөн аврагын номерыг залгаж авсан хүчтэнгүүд үү? найруулаж байгаа багш нар уу? эсвэл өөрсдөө юу? хиймэлээр жингийг нь өсгөж ирсэнтэй холбоотой. Бидний мэдэхийн 1977 онд Дамдин аврага 800 кг болгож өргөсөн түүхэн баримтат зураг энэ байна.
1977 онд дархан аврага д.дамдин 800 кг өргөж монголын циркийн хүнд жингийн “рекорд” гэж зарлуулаж байсан түүхэн баримт энэ байна. Я.Амаржаргал дагалдангаар дөнгөж ороод энэ номерт тоглож байсан. Цаад талд нь түшин зогсож байгаа нь Я.Амаржаргал. энэ номерийг хүнд жингийн аттракцион номер хэмээн үзэж циркийн манежинд “хүнд жингийн гайхамшиг” хэмээн зарлаж байсан түүх ийм байна.
Монголын циркийн хүнд жингийн энэ төрөл алдарт Д.Дамдин аврагаас Я.Амаржаргалд шилжиж ирсэнээс хойш энэ номероор Я.Амаржаргал тив алгасан аврагын яваагүй газраар явж үзээгүй юмыг үзэж аваагүй шагналын эзэн болсон 1990 оноос хойш Монголын хүнд жингийн төрөл дэлхийн тавцанд яах аргагүй аваргын шавь Я.Амаржаргалын нэрээр “имж”-ээр явж ирлээ. Олон ч газар тоглож олон ч тэмцээн уралдаанд оролцож олон ч шагналын эзэн болсон. хөгжим өнгө үзэмж тоглолт ур чадвар жигдэрсэн Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа нэгэн сайхан номерыг өнөөдөр ч Я.Амаржаргал тоглосоор МУСТА цол, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж, ур бүтээл хөдөлмөрийнхөө үр шимийг Монгол улсын гавъяат жүжигчин гэдэг эрхэм хүндтэй цол тэмдэгээр шагнуулсан. Циркэд анх дагалдан болж ажилсанаасаа хойш хүнд жингийн аттракционыг Д.Дамдин аваргын удирдлага дор гаргаж аврагыг циркээс гартал хамт тоглож байгаад энэ номерийг өвлөж үлдсэн. дараа нь МУСТА Д.Жаргалсайхан ахлагчидтай шидэх банзны номерт суурь хүнээр, качалктай акробат, алиалаын номеруудад дүрдээ тохирсон инээдмийн туслах жүжигчинээр тоглож байсан. Хүнд жингийн номерийг олон жил Н.Нямсүрэн У.Энхбаяр нартай хамтран тоглож байгаа жүжигчин юм.
1990 онд Я.Амаржаргал Монте Карлогийн тэмцээнээс “алтан морь” тусгай шагнал авсаны дараа бүх хүндийн жин 850 кг гэж зарлуулаж байсан түүхэн баримтат зураг.
жүж. Ц.Ганбат
МУГЖ.жүж.Г.Хишигдаваа
Монгол-Зөвлөлтийн циркүүдийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн тоглолтонд Оросын Ардын жүж. Олег Попов ирж хамтран тоглож байсан тоглолтонд МУСТА. жүж Г.Доржнамжил мөн л энэ номерийг тоглож байлаа. рекламны жин 750, бодитоор 550 кг хүрнэ. ингэж хийгээгүй мөртлөө ямар ид шидээр 850 болж хувирсан нь бас нэг циркийн гайхамшиг юм.
Бид бас зарим талдаа дэндүү дэндүү гэхэд арай хэтэрч байна. Энэ талаар ёстой нөгөө гурван сармагчины баримал шиг “би хараагүй, би үзээгүй, би сонсоогүй, гэж циркчид бид л дуугарах үлдлээ. Эцэстээ нөгөө хүчтэнгүүд нь дүрдээ итгэсэн эмгэнэлт шоу болон олон жил тоглосон. Ийм байдлыг циркчид битүүхэндээ цаанаа хоорондоо инээлдэн шоолж ярилцдаг байсан нь дэндүү гашуун үнэн юм. Чин үнэнийг хэлэхэд хэн ч 850 кг-ыг эдний дотроос өргөөгүй юм. Үүнд л хамаг учир оршиж байна. Дээр нь илбэ ухааны гайхамшиг гэж бас нэг гайхамшиг байна. АНУ-ын илбэчин Давид Коферфильдийг ярихаа болие? Оросын захын илбэчидийн дайтай юм үзүүлэж байсан бол одоо юу гэх гэх вэ ? дээ...юун нь тийм гайхамшигтай байна аа аль цирк байгуулагдахад л хийж байсан хэдэн үзүүлбэрийг ээлж дараалан солисоор байгаад илбэ мэддэг хүнд бол хувьд сонирхол татахаа болсон. Шинэ гайхамшигтай юм хийе? гэхээр тусгай материал олдохгүйн дээр санхүүгийн бэрхшээлтэй. Энэ бүхнээс юу харагдаж байна вэ? Монголын циркчид бид чинь циркээ мэдэхгүй дээр нь бас 10-ийн дотор нэмж хасаж мэдэхгүй, ийм юмыг өчнөөн жил харж бараг өөрсдөө хийх шахуу болчихоод мэдэхгүй мангар царай гаргаж өдий олон жил болж өөрөө өөрсдийгөө доош нь хийж байгаа нь харамсалтай юм. Ийм юм бичсэн үнэнийг гаргаж ирсэнээрээ үзэг цаас нийлүүлсэн циркчин болж төрснөөрөө би олон хүнд ад үзэгдэж тэдний дайсан болно гэдгээ мэдэж байна “үнэн” ийм л байсан. тэхдээ шүүмжлэлгүй зүйл хэзээ ч амжилтанд хүрдэггүй хэзээ нэгэн цагт би биш юмаа гэхэд өөр хүн гаргаж тавих л болно.
Цирк судлаач Ё.Батболд агсны нийтлэл. 2012 он