Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан энэ сарын 24, 25-нд “Би Эдит Пиаф байна”, “Тэнгэрийн аялгуу” жүжгээ тоглоно хэмээн зар түгээлээ. Учир юу гэвээс, тэрбээр ирэх сарын 1-5-нд Улаанбаатар хотод анх удаа Моно жүжгийн фестиваль зохион байгуулах гэж байна. “The Parade of Winners” буюу “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын фестивальд Герман, Латви, Молдав, Швед, Украин болон Киргиз улсын жүжигчид уригджээ.
Сэтгэл, зүтгэл, зорилго нэгтэй уран бүтээлчид Монгол Улсын зүг өөрсдийнхөө зардлаар ирж яваа. Харин энд байх зардал, зохион байгуулалтын ажилдаа хөрөнгө босгох зорилгоор Ц.Баясгалан жүжгүүдээ тоглох гэж буй юм. Жүжигчний хамгийн том хөрөнгө нь түүний авьяас бас уран бүтээл нь. “Ямар азаар би хоёр жүжигтэй юм бэ” гэж Баясаа ярьж байна. Хямралын бараан сүүдэр хэн хүнийг ялгалгүй толгой дээр бууж, сэтгэл байвч тоолдог нь байхгүй өнөө үед эхлүүлсэн ажлынхаа төлөө өөрөө зүтгэхээс өөр яах билээ.
“Гэгээн Муза” наадмын хүрээнд зохион байгуулсан моно жүжгийн сургалт Ц.Баясгаланд даль жигүүр ургуулж, уран бүтээлийн шинэ санаа ундруулж, олон улсын тавцанд түүнийг гаргасан. Ганц хүний жүжгийн төрлөөр монголчууд амжилт гаргаж болохыг нь үзүүлсэн. Хамгийн сүүлд Германы Мюнхенд “Би Эдит Пиаф байна” жүжгээ тоглож, жүжигчин Ц.Баясгалан үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Бас “Тэнгэрийн аялгуу”-гаа од мичдийн дор, байгальд нь тоглоод ч амжсан.
Жим байгаа ч гэж бодоогүй өргөн талд зам тавьж, араасаа бусдыгаа уриалан дуудаж байгаа Ц.Баясгалангийн ажлыг энэ удаа Хүүхэлдэйн театр, МҮОНТ, “Туушин” ХХК, “Женко Тур” компани дэмжиж байна. “Ялагчдын цуваа” ойртож байна.
Ж.Солонго