Өнгө алагласан тод өнгийн зураг, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амтархан унших тууж, романууд.
Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох хэн бүрийн саатах үзэсгэлэн, худалдааг өчигдөр Чингис хааны талбайд нийслэлчүүд тэмдэглэн өнгөрүүллээ.
Жил ирэх тусам оролцогч, уншигч, зохиолчдоор хүрээгээ тэлсээр буй “Номын баяр”-т зай талбай нь багадсан мэт санагдсаныг нуух юун. Дөнгөж хэвлэлтээс гарсан, будаг нь ханхалсан номнууд ширээн дээр эзнээ хүлээхийн зэрэгцээ хуучны ховор ном мэр сэр харагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэм номоо дээдлэн эрхэмлэж ирсэн уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баяр”-ын өдөр болгож өргөн тэмдэглэж байх шийдвэр гаргасан билээ.
Нийслэлчүүд жил бүрийн намар тэсэн ядан хүлээдэг “Номын баяр”-ыг энэ жил Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад ёслон тэмдэглэж буйгаараа онцлог байлаа.
Энэ удаагийн өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт гээд олон үйл ажиллагааг зохион байгуулсан юм . Мөн номын 20-50 хувийн хямдралтай худалдаа, зохиолч, яруу найрагчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номоор шагнаж урамшуулах тэмцээн, уралдаанууд болж номын цагаан гэгээг тал бүрт татуусан юм.
Энэ өдрийн “Номын баяр”-т Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, гэргийн хамт ирж хүүхдийн уран зохиолын ном худалдан авч байсан бол Ардын уран зохиолч, СГЗ зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ш.Дулмаагийн номыг авсан сурагч багачууд хамтдаа зургаа татуулж байсан юм.
Мөн СГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёо өөрийн номоо худалдан авсан уншигчдаа гарын үсэг зурж өгч байхтай таарсан бол СГЗ, орчуулагч Ж.Нэргүй, СГЗ, орчуулагч Г.Аким зэрэг олны танил олон зохиолч, нийтлэлч, орчуулагчид болон эрдэмтэд өөрсдийн уран бүтээлээ дэлгэн тавьж түмэн олны мэлмийг баясгасан юм.
Тус өдөрлөгөөр бага насны болон дунд сургуулийн хүүхдийн уран зохиол, үлгэрийн номнууд эрэлт ихтэй байна. Мөн хуучин номын худалдаа ч ажиллаж байсан нь уншигчдыг татаж байв. Шинжлэх ухаан, бизнес, гадаад хэлний гээд олон төрлийн номыг эндээс л олж авах боломж гарч байгааг иргэд сайшааж байсан.