Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт Норвеги, Шведийн вант улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Норвегийн Урлаг, архитектор, дизайны музейн удирдлагатай уулзаж, Норвеги болон Нордикийн орнуудад Монгол Улсын тухай “өгүүлэх” томоохон үзэсгэлэн гаргах, тус улсын алдарт зураач Эдвард Мункийн үзэсгэлэнг Монголд гаргах асуудлаар санал солилцжээ. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой удахгүй болох учраас үүнийг угтаж харилцан соёлын арга хэмжээ зохион байгуулах талаар Л.Пүрэвсүрэн сайд санал гаргасан нь энэ. Норвегийн тал энэ саналыг судалж үзээд аль болохоор нааштай хариу өгөхийг хичээхээ амлажээ.
Мөн тэрбээр Шведийн Стокгольм хот дахь Дэлхийн соёлын музейн харьяа Зүүн Азийн музейн захирал Мишел Д Лий тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Шведийн соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёлын өвийг харилцан сурталчлах, тус улсын соёлын салбарын дэд бүтэц, нөөц бололцоонд тулгуурлан Швед, Нордикийн орнуудад Монгол Улсыг сурталчилсан соёлын арга хэмжээ, үзэсгэлэн гаргах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар тохирсон байна.