"JIIJ", "Фантастик" продакшн, "Red point" студийн хамтын бүтээл "Маш нууц" уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо. Цэрэг хувцастай залуусын уухай, амьд хөгжим, тусгайлан зассан тайз, улаан хивс гээд киноны нээлтийг хэрхэн хийж болох жишгийг харуулсан "Маш нууц"-ын нээлтийг догдлон хүлээн үзэгчид Тусгаар тогтнолын талбайд цуглан, уран бүтээлчдийнхээ баярын хуваалцсан юм.
Энэ киноны найруулагч нь "Зүрхэнд шивнэсэн үг", "Уулын Төмөр", "Ноён солиот"-ыг Монголын кино урлагт үлдээсэн соёлын тэргүүний ажилтан О.Бат-Өлзий. Харин энэ удаа гэргий нь буюу ардын жүжигчин С.Сарантуяа киноных нь продюсерээр ажиллаж, хүү Б.Тамир нь нэгдүгээр найруулагчаар ажиллаж, кинондоо Хурцгэрэлийн дүрийг бүтээжээ.
Бодит түүхээс сэдэвлэсэн "Маш нууц" киноны зохиолыг Т.Төмөр-Очир бичжээ. Найруулагч нарын анхаарлыг татаж, сайхан бүтээл хийх хүслийг төрүүлсэн энэ зохиолыг эхлээд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар авсан байдаг. Заавал нэг юм хийнэ гэж зүтгэсэн ч талаар болсон гэх. Харин хоёр жилийн өмнө найруулагч О.Бат-Өлзий зохиолоо хүлээн авч, дэлгэцийн бүтээл болгохоор шийдсэн байна. Өнгөрсөн зун түүний хувьд гэр бүлийнхэнтэйгээ, залуу уран бүтээлчидтэй хамтран хүссэн киногоо хийх боломж бүрджээ. Яван явсаар киноны зургаа өөрийнхөө алба хаасан ангид авсан нь ч бэлгэшээлтэй санагдсан гэсэн.
"Маш нууц" уран сайхны киноны трэйлер