Канадын агаарын тээврийн “Air Canada” компанийн ахмад нисгэгч Тель-Авиваас Торонто руу нисэж яваад гэнэт буух шийдвэр гаргаж, онгоцоо газардуулсан байна. Атлантын далай дээгүүр нисэж явсан онгоцыг хамгийн ойрын нисэх буудалд яаралтай буулгах болсон шалтгаан нь ямар нэгэн техникийн саатал, эвдрэл биш, ердөө ганц нохой л байжээ. Тус онгоцонд эзэнтэйгээ зорчиж явсан давжаа бульдог санамсаргүй тээшний хэсэгт орчихжээ. Үүгээр зогсохгүй хөргүүрийн сэнстэй нэлээд ойртсоныг бүхээгийн ажилтнуудын нэг нь онгоцны ахмаддаа мэдээлсэн байна. Энэ тухай сонсоод тэрбээр Германы Франкфуртын онгоцны буудалд яаралтай буух болсноо мэдэгдсэн гэнэ. Хэдийгээр нохойны эзэн, франц эрд баярламаар явдал болсон ч, “ослын” буулт хийсэн нисгэгчийн хувьд тасралтгүй олон цаг агаарт байсны нэмэгдэл цалингаа хасуулсан гэнэ. Гэхдээ түүнийг шийтгэсэнгүй, харин магтаж, нөхцөл байдлыг зөв тооцоолж, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан гэсэн дүгнэлтийг агаарын тээврийн шинжээч Фил Дарби гаргажээ. Учир нь Симба хочит нохой тээшний хэсгийн хөргүүрийн сэнсний ажиллагаанд саад учруулбал онгоц агаарт сүйрч ч мэдэх нөхцөл байдал үүсэх байж. Тус онгоц Германд 75 минут саатсаны эцэст нислэгээ үргэжлүүлжээ.