Монгол дахь Их Британийн Элчин Сайдын яам Монгол Улсад анх удаа “Их Британийн соёлын өдөрлөг”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр зохион байгуулж байна.
“Гайхалтай Их Британи” уриатай болж буй уг арга хэмжээ нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, тус улсын боловсролын болон төрийн бус байгуулагуудын Монгол дахь үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой аж.
“Үзэсгэлэнд боловсрол, спорт, хувцас загвар, ахуйн хэрэглээ, шингэн хүнс, хууль, орчуулга, нягтлан бодох бүртгэл, барилга, уул уурхай зэрэг 30 гаруй салбарын төлөөлөл оролцож байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр Их Британиас импортолдог бүтээгдэхүүний амталгаа, худалдаа явагдахаас гадна биенес эрхлэгчид өөрт ашигтай бизнесийн түншлэлээ эхлүүлэх боломж бүрдэж байгаа. Мөн оюутан сурагчдад зориулан боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, элчин сайдын яамны ажилчид оюутны виз, Их Британийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч байна” хэмээн зохион байгуулагчид ярилаа.
Тус өдөрлөгийн угтаж Их Британийн бэлэг тэмдэг болох “Мини” брэндийн машины парад өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн бол өнөөдөр тэдгээр машинтай зургаа авхуулсан зургаа авчирч гарын бэлэг авч байгаа аж.