Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Doresound” продакшн байгуулжээ. Түүний нэрийг тонгоруулбал ноотны цагаан толгойн эхний хоёр эгшиг учир продакшнаа ийн нэрлэжээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Продакшн байгуулсанд баяр хүргэе. Хэзээ нээлтээ хийсэн бэ?
-Гурван жилийн өмнөөс төлөвлөж, өнгөрсөн хавраас үйл ажиллагаагаа бага багаар явуулсаар одоо л жигдрүүлж байна. Урлагийнхан төрөөс зохих зүйлсийг шаардаж болох ч өөрсдөө гараа хумьж суулгүй бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэж бодсон.
-Ямар зорилго, чиглэлтэй вэ?
-Хөгжмийн боловсрол, судалгаа, сургалт зэрэг урлагийн бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой. Мөн томоохон уран бүтээл туурвих төсөл санаачилж, эсвэл урлагийн байгууллагууд, хувь хүнтэй хамтран ажиллах болно. Ганцхан дуу гэж явцууралгүй медиа, мюзикл, дуурь, балет зэрэг чиглэлээр бас ажиллана.
Продакшн бол бүтээлч үйлдвэрлэлийн байгууллага. Хөгжимд жишээлэн ярья л даа. “Юнивишн”-д тоглолтын бичлэг, кинонуудыг байршуулж байна. Ингэснээр мэдээллийн хэрэгсэлд суурилж, бүтээлүүдээ зах зээлд, хэрэглэгчдэд хүргэх боломж нээгдэж байна.
Бид зөвхөн цомог үйлдвэрлэж, тоглолт хийж болох ч хурдацтай хөгжлийн эрин зуун илүү ихийг шаардаж буй. Тиймээс контент үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага бий.
-Ямар судалгаа хийх вэ?
-Монголд урлагийн чиглэлийн судалгаа нэг хэсэг зогсонги байдалтай байгаад СУИС нэлээд ач холбогдол өгдөг болсон. Тухайлбал, СУИС-ийн Хөгжмийн сургуульд Н.Жанцанноров гуайгаар удирдуулсан орчин үеийн хөгжим судлалын профессорын баг ажилладаг, би багтдаг. Урлагийн судалгаанд язгуур хөгжмийн билэг зүй, ардын болон угсаатны хөгжим, цаашилбал онол арга зүй, түүх уламжлал гээд олон чиглэл бий.
Зөвхөн тухайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй сургууль, улсын байгууллагад урлагийн судалгаа хийгээд зогсохгүй, бие даасан продакшнд үндэслэн үүнийг явуулах боломжтой. Энэ чиглэлээр би өнгөрсөн жил гурван ч удаа Европт очиж, судалгааны төсөл хэрхэн боловсруулдаг, нийгэмдээ ямар нөлөөтэй, мэргэжлийн хөгжмийн сургалтад энэ нь ямар ач холбогдолтой зэргийг судалж, дүгнэлт хийсэн.
-Ямар хүмүүс ажиллаж байна вэ?
-Одоогоор байнгын боловсон хүчинтэй болж амжаагүй байна. Шавь нартаа түшиглэж ажиллах санаа бий. Дөнгөж төгссөн хүмүүс урлагийн судалгаа, сургалтад шууд оролцдоггүй, тэдэнд туршлага хэрэгтэй. Ганцхан онолын мэдлэгтээ үндэслэн мэргэжилд хандана гэдэг явцуу. Тэгтэл манайд дадлага хийх орчин нөхцөл хэр боломжтой билээ дээ. Тиймээс залуу судлаач, уран бүтээлчдийг дадлагажуулах орчин нөхцөлийг манай продакшн зохих түвшинд хангана байх.
Б.ДӨЛ