Поп хатагтай Б.Сарантуяагийн алтан тайзнаа дуулж эхэлсний 30 жилийн ой ирэх онд тохионо. 30 жил Монголын рок попын тайзыг эзэгнэсэн гавьяат жүжигчин маань дуучин болсныхоо тэгш ойг нижгэр тэмдэглэх сурагтай. Ирэх оны дөрөвдүгээр сарын 20 хүртэл тэрбээр олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд шинэ цомог, тоглолт хийгээд уран бүтээлийн гараа, амжилт ололт, амьдралын түүхээ өгүүлсэн ном хүртэл гаргах гэнэ. Зууны манлай эстрадын дуучин хэмээх эрхэм хүндтэй алдрыг зүүж явдаг Б.Сарантуяа саяхан “Сэхүүн салхи” нэртэй шинэ цомгоо гаргажээ. Энэхүү цомогт түүний мөнхийн хит гэж хэлж болох “Сэхүүн салхи”, “Хэн мөнхөд хайрлаж чадах вэ” дуунуудаас гадна “Хавар”, “Хатан хаан”, “Бог өвсний дуу”, “Зүүдний учрал”, “Зоргоороо амраг” болон “Содура” киноны дуу багтжээ. Мөн ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу “Аав, ээж хоёр минь” дууг оруулсан аж. Мэргэжлийн дуучдын хоолойн царааг шалгадаг энэхүү дууг дуучин Сараа өнгөрсөн жил төрсөн өдрийн тоглолтдоо дуулж, үзэгчдийг уухайлуулсан билээ. Энэ мэт олон сайхан дуунаас бүрдсэн “Сэхүүн салхи” цомгийнхоо баярыг поп хатагтай маргааш “VLVT” клубт тэмдэглэж, үнэнч фенүүдтэйгээ нэг үдшийг дуулж, бүжиглэж өнгөрүүлэх нь.
Дашрамд дуулгахад, Б.Сарантуяа гавьяат энэ шинэ жилээр бие даасан тоглолт хийх юм байна.