Хавтастай толины урд ижилсүүлсэн хос морь, хуучны бор ширээний нүдэнд өрөөстэй эрээн шаазан, эмээгийн бурхдын дундаас ялгарах Баян Намсрайн шаазан баримал.
Монголчууд хийж, бүтээдэг, урладаг, өвлүүлдэг байсны гэрч нь энэ. Дөрвөн хүчтэний зурагтай, арван хоёр жилтэй, хос морьтой, эрийн гурван наадмын бэлгэдэлтэй гээд Монголын шаазан ваарны үйлдвэрт мэндэлсэн олон сайхан бүтээлүүд сэтгэлд тод дурсагдана.
Ариг гамтай хэрэглэдэг айлд бол лавтай нэг ширхэг ч атугай хадгалаатай байдаг байх. Харин өчигдөр Монголын уран зургийн галерейд “Шаазан ваарны үйлдвэрийн 60 жилийн ойд зориулан үзэсгэлэн гаргасан Р.Бямбаа ламтанд бол 500 гаруй шаазан эдлэл бий аж. Түүнийг хүмүүс Варшавт Дорно дахины дээд сургуульд багшилдаг гэдгээр нь илүү сайн мэднэ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж, дуугаа намсган, үгээ зөөж ярьдаг энэ хүний амнаас үг унагах амаргүй.
Түүний хадгалж, ашиглаж ирсэн айргийн савнаас нь намрын чимчигнэсэн идээ хүртэж, нандигнаж хадгалсан шаазанг нь харж зогсохдоо “Та ийм сайхан үзэсгэлэн нээж байж олон хүнд дуулгахгүй дээ” гэхэд “Би хэлсээн, үзэсгэлэнгээ 20 хүртэл байлгах болохоор хүссэн нь ирээд үзэх байлгүй дээ. Тэгээд би аравдугаар сарын 1-нд буцна даа” гэв. Р.Бямбаа ламтан энэ үзэсгэлэнгээс гадна Богд хааны ордон музейд тун удахгүй өөр нэгэн цоморлигоо дэлгэнэ. Ирээд, буцахын зайд ихийг амжуулчихдаг түүний яриаг хүргэе.
-Шаазан ваарны үйлдвэрийн 60 жилийн ой тохиож байгааг мэдсэнгүй. Таны үзэсгэлэнг үзэхдээ л мэдлээ.
-Шаазан ваарны үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн нь аяга байсан юм. 1995 он хүртэл улсынхаа иргэдийг хоол цайны аяга, саваар хангаж явсан энэ байгууллага хаагдах хүртлээ гурван сая аяга үйлдвэрлэжээ. Тийм болохоор хувийн цуглуулгынхаа 500 аягыг дэлгэж үзэсгэлэн гаргалаа.
Монголчуудын урласан болон манайд гадаадаас орж ирсэн шаазангууд бий.
-Хамгийн эртнийх нь хаанахын аяга вэ?
- Манж чин улсын Тэнгэр тэтгэсэн хааны үеийн буюу 1730-аад оны аяга бий. Хамгийн сүүлийнх нь 1995 онд хийсэн аяга байгаа.
-Та яаж яваад Шаазан ваарны үйлдвэртэй холбогдож, аяга цуглуулах болсон юм бэ?
-Шаазан ваарны үйлдвэрийн хөгжилд лам нарын гүйцэтгэсэн үүрэг их бий. Ер нь Монголын үндэсний аж үйлдвэрийн суурийг лам тавьсан шүү дээ. Гэсэн ч өнгөрсөн нийгмийн үед ч, өнөөдөр ч энэ тухай хүмүүс дурсдаггүй. Оёдол, модны артель, төмөрийн завод гээд лам нарын авьяас, хүч, хөдөлмөрөөр бий болсон томоохон байгууллага олон. Би Монголын түүхэнд хувь нэмрээ оруулсан лам нарын тухай судалдаг юм. Тэр утгаараа шаазангийн үйлдвэр, бүтээлийг нь сонирхон цуглуулсан.
Энэ үйлдвэрийг байгуулсан Х.Дагвадорж гэдэг хүн бол Зүүн хүрээ буюу Дашчойлин хийдэд сууж байсан юм. Маш уран хүн байсан.
1940-өөд онд Маршал Чойбалсан “Өөрсдөө цайгаа хийгээд уучихдаг аягатай болчих юмсан даа” гэж хэлснийг сонсоод Х.Дагвадорж ламтан Монголын анхны шаазан аягыг хийж Маршалд бэлэглэсэн байдаг.
-Шаазан эдлэл дээрх зураг, хээ нь тэр чигтээ монголчуудын соёлын өв, уран бүтээлчдийн туурвилын гэрч болохоор юм. Харин энэ талаар судалдаг хүн бараг байдаггүй юм уу даа?
-Монголын шаазан урлалын талаар судалгаа байхгүй. Цуглуулга хийдэг Ц.Батсайхан гэдэг хүн нэг ном гаргасан байна. Шаазанг нэг хүн хийдэггүй л дээ. Тэгэхээр зураг, загвар гаргасан хүний нэрсийг мэдэхгүй, судалж, бүртгэж тогтоогоогүй байгаа нь харамсалтай.