Зураач Х.Заяат, Д.Гантөгс нар “Тэнгэрийн цацал” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Х.Заяат тосон будгийн зургуудаа, Д.Гантөгс цувралаар урласан хүүхэлдэйн бүтээлүүдээ толилуулжээ.
Зураач бүсгүйн хувьд тэрбээр чимэглэх урлагийн мэргэжлээр төгссөн бөгөөд эдгээр бүтээлээ монгол үндэсний зан үйл, хадны сүг зураг, угсаатан зүй, үлгэр домгийн сэтгэлгээ, үндэсний хувцас, чимэглэлийг судлан хийжээ.
Уран бүтээлчид ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод амьдарч байх хугацаандаа туурвисан шинэ бүтээлүүдээ эх орондоо авчран тайлагнахын зэрэгцээ хүүгийнхээ эмчилгээ, оношилгоонд хандив цуглуулах зорилгоор уг үзэсгэлэнгээ нээж буй аж. Тэдний хүү маш ховор генийн эмгэг гликогенезтэй төржээ.
Энэ өвчнийг эмчлэх аргыг анагаах ухаан одоогоор нээж амжаагүй байгаа. Дэлхий дээр гликогенезээр шаналж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн уг өвчний судалгааны ажилд төсөв олох зорилгоор хэд хэдэн хандивын арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь энэ юм. Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл гарах тул та бүхэн бүтээлүүдийг шимтэн сонирхож, сэтгэлийн цацал өргөөрэй.
Ж.СУВДМАА