Монголын тайз, дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа, тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Бат-Өлзий, ардын жүжигчин С.Сарантуяа.
Эцэг эхийнхээ авьяас билгийн үргэлжлэл болсон Б.Тамирын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Оюутан ахуйдаа “Boom town” хамтлаг байгуулан бүжиглэж, дуулж, жүжиглэж уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө шижигнэсэн найруулагч болжээ.
“Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “247 градус”, “Хар сувдны нууц” гээд түүний ажилласан бүтээлүүд ямар уран бүтээлч болсныг нь харуулна. Багад нь чихэр жимсээр хуурчихдаг байсан хүүдээ аав нь өнгөрсөн жил хазаар, ногт бэлэглэж байсан гэнэ.
Жүжигчин ээж, найруулагч аавын отгон хүү болон мэндэлсэн түүнд, түүний ихэр Б.Сүндэрт төрсөн өдрийн мэнд хүргэж, гэр бүл, хамт олных нь ерөөлийн үгийг сониноор дамжуулан уламжилъя.
“Яг одоо хүү минь театрынхаа хамт олонтой аялан тоглолтоор явж байгаа. Тоглолтоосоо ирээд энэ мэндчилгээг хүлээж авна гэдэгт итгэж байна. Хүүдээ, охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэж, цаашдынх нь ажил, уран бүтээлд улам гялалзсан амжилт хүсье. Аав, ээж нь та хоёртоо хайртай шүү”.
Аав, ээжээс нь
“Бид 2004 онд Соёл урлагийн их сургуульд элсэн орсноос хойш нөхөрлөж байна. Ажил, амьдралын гараагаа хамт эхэлсэн бидний нөхөрлөл цаашид олон жилийг элээнэ гэдэгт итгэдэг. Найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе”.
“Фантастик” продакшны найзуудаас нь