Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг болон Озоны үндэсний албанаас мэдээлэл хийлээ.
Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны есдүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон бол НҮБ-аас энэ өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тунхагласан түүхтэй аж.
Энэ жилийн уг өдрийг “Та биднийг нарны хэт ягаан туяанаас хайрлан хамгаалж байгаа Озоны давхаргаа хайрлан хамгаалья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Монреалийн протокол батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг “Хүн төрөлхтөнийг оршин тогтноход байгаль дэлхий олон талаар нөлөөлдөг. Хүмүүсийн өдөр тутмын хөргөх үйл ажиллагаатай холбоотой хэрэглээнд байгаа озон задалдаг бодис буюу хлортфторт нүүрстөрөгч зэрэг химийн бодисын нөлөөгөөр озоны давхарга хомсдож байгаа. Монгол Улсын Засгийн газраас хүн амаа нарны хэт ягаан туяаны аюулаас хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд шат дараалсан олон арга хэмжээ авч байна. Нэгэн таатай мэдээ дуулгахад озоны давхарга ирэх хагас зуун жилийн турш нөхөн сэргэх боломжтой болоод байгаа юм. Гэхдээ үүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө улс орон бүр амласан үүргээ биелүүлэх нь чухал” гэв.
Түүнчлэн Озоны давхаргаа хамгаалахад хүн бүрийн оруулах хувь нэмэр чухал гэдгийг онцоллоо. Тухайлбал: Хүн бүхний эрүүл мэндийг хамгаалах “хуяг” болох озоны давхаргыг хамгаалахын тулд озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, эйр кондишн, хөргөх лангуу зэрэг хөргөх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахгүй байхыг иргэд анхаарах цаг болоод байна хэмээсэн юм. Түүнчлэн CFC болон HCFC агуулсан хуучин хөргөгч, хөргөлтийн бусад тоног төхөөрөмжийг импортолж оруулж ирэхгүй байх талаар хариуцлагатай хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Энэ үеэр БОНХЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Озоны давхаргыг хамгаалах, нөхөх тал дээр манай улс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай улс 1996 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Озоны давхаргыг хамгаалах конвенцид нэгдэн орсон. Тэр үеэс Монгол улс озон задалдаг бодисыг бууруулах, хамгаалахын тулд тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг авч байгаа. Эхний ээлжинд озоны давхаргыг хамгаалах Монгол Улсын үндэсний хөтөлбөрийг боловсруулж Олон улсын байгууллагаар дэмжүүлж, засгийн газраар батлуулж ажилласан. 1999 онд Засгийн газрын 129-р тогтоолоор Үндэсний хөтөлбөрийг баталсан бол үүний дараа үндэсний хууль, тогтоомжид озоны давхаргыг хамгаалахад тусгаж оруулсан юм. Тухайлбал, агаарын тухай хуулийг гурван удаа шинэчлэн найруулга хийгдсэн. Мөн озон задлах чадвар багатай ч дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг үе шаттай бууруулан хэрэглээг бүр мөсөн зогсоох олон улсын шинэ хөтөлбөрийг 2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр ямар арга хэмжээг авч ажиллаж байна?
-Озон задалдаг бодисын импортыг хязгаарлах квотыг тогтоодог болсон. Ингэснээр байгаль орчин аялал жуучлалын яамнаас жил тутам озон задалдаг бодисыг хэдий хэмжээтэйгээр хил гаалиар оруулж ирэх вэ гэдгийг кивотыг тогтоож байгаа.
-Бодит ажлууд нь хэр үр дүнтэй байна. Жишээлбэл, хөргөлтийн төхөөрөмж гэж байгаа үүнээсээ алийг нь хэрэглэж болох, болохгүй гэж хориглосон бэ?
- Бодит ажил амжилттай хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ озон задалдаг бодис бүхий хөргөлтийнн төхөөрөмжүүдийг хязгаарласан. Ийм бодистой хөргөлтийн системийг жил тутам цөөн тоогоор оруулж ирж байгаа. Ингээд үндсэндээ 2020 он гэхэд озон задалдаг бодис болон дэлхийн дулааралд нөлөөтэй бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж гаалиар орж ирэхгүй болно. Ер нь энэ төхөөрөмжүүд болоод бодисыг жил тутам бууруулах талаар зөвшөөрлийн тоголцоо бүрдсэн. Энэхүү зөвшөөрлийг Байгаль орчны ногоон хөгжлийн яамны Озоны үндэсний алба өгдөг.
-Энэхүү зөвшөөрлийн хяналтыг хаанаас хийдэг вэ?
- Монгол улсын Гаалийн газар хянадаг. 1999 оноос энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн учраас манайд бүхэл бүтэн тогтолцоо бол бий болчихсон.
-Тэгэхээр озоны давхарга нэлээн том цоорчихсон гэж өмнө нь та ярьж байсан. Үүнийг нөхөх боломжтой юу?
-Хэрэв бид хэрэглээгээ зогсоож чадвал 2065 онд нөхөгдөнө. Энэхүү хэрэглээг зогсоож чадахгүй бол энэ үйл ажиллагаа бол ухарч магадгүй. Иймээс 50 жилийн дотор озоны давхаргыг нөхөхийн төлөө дэлхийн нийтээрээ ажиллаж байна.
-Машины утаа хэр нөлөөлдэг вэ?
-Машин эйр кондишн гэж байдаг шүү дээ сэрүүцүүлдэг. Энэ нь нөлөөлдөг тэр дотор байдаг хөргөдөг бодис их нөлөөлж байгаа юм.
Мөн энэ үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан “Озон задалдаг бодисын тухай Монреалын протокол ба хүний эрүүл мэнд” номыг Монголын их сургуулиудын төлөөлөл болон Үндэсний номын сангуудад гардууллаа.