Хүн төрөлхтөн дэлхийг бүхэлдээ хуурай гэж ойлгож явах асанд Ази-Европ хоёр тивийн өргөн уудам эх газрыг хураан авч нэгэн төрийн дор нэгтгэн захирсан нь монгол үндэстэн.
Эрэлхэг зоригт дайчин хөвгүүдийнхээ гавьяагаар XIII зуунд монгол үндэстэн нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн хамгийн том гүрэн байсан билээ. Тэр дундаа Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү Хубилай сэцэн хааны хийсэн үйлс дуусашгүй, дурдаад барамгүй их юм.
Хубилай сэцэн хааны түмэн өлзий гийсний 800 жилийн арга хэмжээний нээлт өнөөдөр Чингисийн талбайд болж, монголчууд түүхэн их хаандаа хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны дарга С.Баярцогт, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон ШУА-ийн удирдлагууд, түүхч эрдэмтэд, ард иргэд оролцсон бөгөөд их хаадын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт ёслолын ажиллагааг нээхдээ “Бидний өвөг дээдэс төв азийн анхны төрт улсыг байгуулсан түүхтэй. Энэ жил монголчууд бидний хувьд олон түүхэн тэгш ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Хубилай хааны түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулсанаар түүний Монголд төдийгүй дэлхий дахинд гүйцэтгэсэн үүргийг таниулах, судалгаа шинжилгээний хувьд олон сонирхолтой бүтээлийг туурвиж дурсгалыг нь мөнхжүүлэх олон ажил хийсэн юм. Харин энэ өдөр албан ёсны арга хэмжээний нээлтийг зохион байгуулж байна. Хубилай хаан Юань гүрнийг байгуулж, дорнод их далайгаас өрнийн их Европ хүртэл өөрийн нөлөөг тогтоож явсан түүхтэй. Түүнчлэн санхүү мөнгөний нэгдсэн тогтолцоог анх санаачилж, татварын системийг бүрэн төгөлдөржүүлж, цаасан мөнгө гүйлгээнд гаргаж, усан флот байгуулан, далайн тээвэр хөгжүүлж, бичгийн мэргэдийн хүрээлэнг байгуулсан хүмүүн бол яах аргагүй Монголын их хаан Хубилай юм. Монголын дундад үеийн түүхэн дахь сударт “Ухааны дээд ухаан” хэмээн өргөмжилдөг түүний энэ их гавьяаг үеийн үед онцлон тэмдэглэх ёстой” хэмээн хэлсэн юм.
Есөн өдөр үргэлжлэх ойн баярын хүрээнд “Хубилай сэцэн хаан- 800” үзэсгэлэн, олон улсын хөөмэйн наадам, “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монгол төрийн дуулал” 261 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжимчдийн тоглолт, Хубилай сэцэн хааны тухай 10 боть цуврал ном, “Хубилай сэцэн хаан ба түүний залгамжлагчид” цомгийг гаргах юм байна.
Мөн АНУ-ын хөгжмийн зохиолч Griffes Charles Tomlinson “Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон” симфони найраглалын нээлт зэрэг үйл ажиллагаа зохиогдох аж.
Дашрамд дурдахад, Монголын эзэнт гүрний тав дахь хаан байсан Хубилай нь Дорнод Ази дахь Юань гүрнийг үндэслэгч юм. Хамгийн том ах Мөнх хааныг 1260 онд нас эцэс болсны дараа Их Монгол улсын хаан ширээг эзлэхээр Хархорумд ирж, өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдэж байсан түүхтэй. 1264 онд Аригбөхийг ялсан бөгөөд түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Уралын нуруу хүртэл, Сибирээс Афганистан хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь нь багтаж байжээ.
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ