Монгол, Итали улсын хооронд соёл урлаг, сонгодог хөгжим болон дуурийн урлагийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилготой “Ла Ченерентола” арга хэмжээ өнгөрсөн долдугаар сард Ром хотын Формэлло хотод болжээ. Уг төслийг дуучин С.Аяана санаачилж, Карло Альберто Жиоя, “Вивиамо л’артэ” соёл урлагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Бруна Бэнчивенга нарын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн аж.
“Ла Ченерентола” буюу “Үнсгэлжин” гала тоглолтод Монгол Улсаас дуучин Ж.Чингис, Э.Очирсайхан, Б.Мягмарсүрэн нар анх удаа оролцсон байна. Тоглолтыг маэстро Стефен Крамер удирдсан аж.
“Үнсгэлжин” дуурийг ирэх оны долдугаар сард “Ла Скала” театрт бүрэн эхээр нь найруулан тавих бөгөөд манай уран бүтээлчид оролцох болсон байна. Итали улсад зохиогдсон “Ла Ченерентола” арга хэмжээнд оролцсон дуучин Э.Очирсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Ла Ченерентола” тоглолтын онцлог юу байв?
-Тоглолт хоёр үе шаттай явагдсан. Эхний шатанд Ж.Россини, Ж.Пуччини, Ж.Верди, В.Моцарт, Г.Хендел нарын хөгжмийн зохиолчийн бүтээлээс жүжигчилсэн хэлбэрээр дуулсан. Хоёрдугаар хэсэгт Италийн хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Үнсгэлжин” дуурийг концерт хэлбэрээр түүвэрлэн дуулсан.
-Та “Үнсгэлжин” дуурийн ханхүүгийн туслах буюу Дандинийн дүрд шалгарсан. Энэ дүрд олон алдартай дуучин дуулсан байдаг. Харин та хэрхэн амьдруулав ?
-Энэ дуурь “Ла Скала” зэрэг дэлхийн том театруудын урын санд багтдаг алдартай бүтээл. Тиймээс олон алдартай дуучин дуулсан байдаг. Би Италийн баритон Битра Эспаниолийн дуулснаас үлгэрлэж дуулсан.
-Энэ дүрийн төлөө хэчнээн орны дуучидтай өрсөлдөв?
-Испани, Герман, Итали, Францын дуучидтай өрсөлдлөө. Монгол дуучдын хоолой ямар бядтай болохыг харуулсан байх.
-Өмнө нь олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан нь энэ дуурьт шалгарахад нөлөөлсөн байх?
-Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа “Белла Вочи” олон улсын уралдааны тусгай байрын шагнал авч байлаа. 2014 онд ОХУ-д болсон олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд түрүүлсэн. Энэ мэтчлэн хэд хэдэн уралдаанд өдий зэрэгтэй оролцож байгаа нь сайн багш нарын минь ач.
Би гавьяат жүжигчин Д.Дагийсүрэн, Төрийн шагналт Х.Уртнасан, гавьяат жүжигчин Х.Үнэнхүү зэрэг олон сайхан багштай хүн шүү дээ.
-Тэр үеэр мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдсан гэв үү?
-“Вивиамо л’артэ” соёл урлагийн нийгэмлэг Итали улсад мэргэжил дээшлүүлэх сонирхолтой, Европт мэргэжлийнхээ чиглэлээр суралцаж хүчээ сорих, ур чадвар түвшнээ дээшлүүлэх хүсэлтэй залуу дуучид, уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг юм билээ.
Энэ удаагийн тоглолт, сургалт аливаа дуурийн дуучдыг хооронд нь өрсөлдүүлж, тэднийг хамтран ажиллуулах, хүссэн дүрийг нь өөрийнхөөр нь гаргуулах, симфони хөгжимтэй хичээллэх, алдартай найрал хөгжимчид болон удирдаачид, мөн техниктэй харилцаж сургах ач холбогдолтой байдаг.
А.ХАЛИУН