Монголын их хаадын нэг Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын 242 дугаар тогтоол гараад удаж буй ч хийсэн ажилгүй өдийг хүрэв.
Ойг хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөгөө боловсруулсан ч санхүүжилт нь шийдэгдэхгүй удсан тухай уран бүтээлчид болон комиссын гишүүд ярьж байсан. Сүүлийн хэд хоног БСШУЯ-нд байнга л энэ асуудалтай холбоотой хурал хийсээр байсан юм.
Удтал хүлээлгэсний эцэст энэ сарын 15-нд буюу маргааш Монголын үндэсний музейд “Хубилайн сэцэн хааны өв” түр үзэсгэлэн нээх болжээ. Хубилай хаан Монгол, Төвд, Солонгос, Хятад зэрэг Азийн ихэнх улсыг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг бүрэн утгаар нь бий болгосон учраас энэ их үйл хэргийг нь дээрх үзэсгэлэнгээр сурталчлах гэнэ.
Түүнчлэн Монголоос олдсон, Юань гүрний үед холбогдох археологийн чухал олдвор, бичгийн дурсгал, өв соёлыг олон нийтэд дэлгэн үзүүлж, Юань гүрэн болон монголчуудын хэлхээ холбоог эрдэмтдийн судалгаанд үндэслэн танилцуулах гэнэ. Үзэсгэлэнг аравдугаар сарын 20 хүртэл олны хүртээл болгох аж.
Ж.СОЛОНГО