“Монгол Улс Чөлөөлөх дайнд - 1945” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлтийн ажиллагааг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан эмгэнэлт үйл явдлын нэг бол дэлхийн хоёрдугаар дайн билээ. Энэ дайн дууссан өдрийг маргааш дэлхий даяар албан ёсоор тэмдэглэх гэж байна. Өнөөдөр та бүхнийг урьсан гол зорилго бол дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахад тухайн үеийн БНМАУ ямар түүхэн чухал үүрэг гүйцэтгэснийг харуулсан зургийн цомгийг танилцуулахад оршиж байгаа юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн тавдугаар сарын 7-нд “Эх орны дайнд монголчууд “бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриан дор хэрхэн ажиллаж, ямар хувь нэмэр оруулсан тухай зургийн цомог нийтэлж байсан бол өнөөдөр энэхүү цомгийг олон нийтэд танилцуулж байгаа юм” хэмээн ярилаа.
Монголчууд ЗХУ болон холбоотон гүрнүүдтэй байгуулсан гэрээний дагуу Манжуур болон Өвөр Монголын ахан дүүсээ чөлөөлөх дайнд оролцон хилийн дээс алхсан юм. Дөнгөж 800 орчим хүн амтай байсан Монгол дэлхийн энэ том дайнд оролцсон. Бид энхтайвны хүчний талд баттай зогсож, эд материалын дэмжлэг үзүүлэхээс гадна зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Чөлөөлөх дайнд оролцсон түүхтэй.
Түүнчлэн энэхүү цомогт урьд өмнө олонд ил болоогүй байсан баримт сэлт, зургийг оруулснаараа онцлог аж.