ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт есдүгээр сарын 27-нд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар болон тус театрын гоцлол дуучин Юлия Маточкина (меццо-сопрано)нарын хамтарсан тоглолт болно. Өнгөрсөн зун болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны дуулаачдын төрөлд тэд тэргүүлсэн учраас ийн тоглолт хийх болжээ. Хамтарсан тоглолтоор Мариинский театр 233 дахь улирлын нээлтээ хийх юм.
Тоглолтын хөтөлбөрт сонгодог ари, романсууд болон монгол, буриад дуунууд багтжээ.
Хоёр дуучин өөр өөрсдийн концертмейстрийн хамт тоглолтод оролцох бөгөөд Дарима Линховоин, Анатолий Кузнецов нар тэдэнтэй хамт байх юм. Энэ тоглолтын тасалбар 1000-1500 рублиэр зарагдаж буй.