Монголын циркийн жүжигчид олон улсын уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог хэдий ч өмнө нь эх орондоо гадаадын жүжигчдийг урьж, ирүүлэн тэмцээн хийж байсангүй. Тэгвэл ХБК-ийн Циркийн тэнхмийн багш нарын санаачилгаар Монгол Улсад циркийн сургууль байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан аравдугаар сарын 12-18-нд Улаанбаатар хотод олон улсын циркчдийн наадам хийхээр болжээ. Дэлхийн найман орны авьяаслаг жүжигчдийг өрсөлдөх анхдугаар наадамд Монголоос Т.Номуунбаатар ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид”, “X roses” студийн уран нугараачид, Х.Ганболд ахлагчтай “Савлууртай үсрэгчид” үзүүлбэр оролцох гэнэ.